ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хамгийн ахмад сенатор Дайен Файнстайн 90 насандаа таалал төгслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сенатад Калифорни мужийг төлөөлөн Ардчилсан Намаас сонгогдсон ахмад хууль тогтоогч Дайен Файнстайн өчигдөр 90 насандаа таалал төгсжээ.

Тэрбээр ирэх оны сүүлээр тэтгэвэртээ гарах талаар өмнө нь хэвлэлд ярьж байсан юм.

Файнстайн нь АНУ-ын конгрессын дээд танхим Сенатын хамгийн ахмад гишүүн бөгөөд Сенатын нөлөө бүхий тагнуулын байнгын хорооны анхны эмэгтэй дарга болж байсан хүн.

Тэрбээр 1992 оноос хойш нийтдээ 31 жил Сенатын гишүүнээр ажиллажээ. Энэ амжилтаараа тэр АНУ-ын түүхэнд хамгийн олон жил ажилласан эмэгтэй сенатор болдог.

Файнстайны улс төрийн замнал галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах тэмцлээр эхэлж байжээ.

Тэрбээр 1978 онд Сан-Франциско хотын дарга Жорж Москоне, супервайзор Харви Милк нарыг ажлын байран дээрээ бусдад буудуулж алагдахад тус хотын даргын ажлыг авч байсан юм.

Файнстайн уг аллагын үеэр хамгийн түрүүнд Милкийн ажлын байранд нэвтэрч, зүрхний цохилтыг нь шалгаж байсан гэдэг.

Энэ үед мэдэрсэн айдас нь түүнийг галт зэвсгийн эсрэг тууштай тэмцэгч болгожээ.

зураг
 

Файнстайны санаачилсан цэргийн зориулалттай галт зэвсгийн хориг 1994-2004 онуудад АНУ даяар үйлчилсэн юм.

Дараа нь тэр бас хэд хэдэн удаа галт зэвсгийн хэрэглээ, худалдааг хязгаарлах хуулийн төсөл санаачилж байжээ.

Эрүүл мэндийн асуудлын улмаас сүүлийн жилүүдэд Файнстайны улс төрийн идэвх суларсан юм.

Тэрбээр сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гурван сар чөлөөлөгдөж байв. Энэ оны хоёрдугаар сард тэр ирэх оны сонгуульд дахин нэр дэвшихгүйгээ зарласан юм.

Сенатын тагнуулын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 2014 онд тэр АНУ-ын Тагнуулын Төв Газрын хилийн чанадад ажиллуулдаг шоронгууд, тэдгээрт гадаадын террористуудыг хэрхэн хорьж, эрүүдэн шүүдэг талаар судалсан ажлын тайланг танилцуулж байжээ.

“TТГ (CIA)-ын үйл ажиллагаа нь манай үнэт зүйлс, манай түүхэнд үлдсэн хар толбо болж байна. Түүх биднийг шүүх болно. Хуулиар засагладаг шударга нийгэм байгуулах бидний үүрэг, “Дахин хэзээ ч ийм зүйл гаргахгүй” гэсэн хүсэн эрмэлзэл маань гашуун үнэнтэй нүүр тулахад хүргэлээ” гэж Файнстайн тухайн үед мэдэгдэж байв.

1933 оны зургаадугаар сарын 22-нд Сан-Франциско хотод төрж өссөн Файнстайн сүүлд Стэнфордын их сургуулийг төгссөн юм.

1969 онд тэр төрөлх хотынхоо иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдож, 1978 онд анхны эмэгтэй хотын дарга нь болж байв.

Файнстайн амьдралдаа гурван удаа гэрлэж байжээ. Анхны гэрлэлт нь бүтэлгүйтсэний дараа тэр мэс заслын эмч Бертрам Файнстайнтай гэрлэсэн байна. Түүнийг нас барсны дараа 1980 онд тэр банкир Ричард Блюмтэй гэрлэж байжээ. Блюм 2022 онд нас барсан юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг