ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Путин Украины дайны асуудлаар Вагнерын командлагчтай уулзжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Баруун гар талд Андрей Трошев

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан Украины дайны асуудлаар Вагнер группийн командлагчтай уулзсан тухай Кремлийн хэвлэлийн алба Баасан гарагт мэдээлжээ.

Пүрэв гарагийн орой Кремлийн ордонд болсон энэ уулзалтын үеэр Путин сайн дурын дайчдыг Украины дайнд хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах талаар Андрей Трошевтой санал солилцсон гэнэ.

“Седой” (Буурал) хочтой Трошев нь Евгений Пригожинийг онгоцны ослоор амиа алдсаны дараа Вагнер группт үлдсэн гол командлагчдын нэг юм байна.

Уулзалтад ОХУ-ын батлан хамгаалахын дэд сайд Юнус-Бек Евкуров бас оролцжээ.

“Та сайн дурын цэргийн ангид жил гаруй тулалдсан туршлагатай хүн. Тиймээс энэ чухам юу болох, байлдааны ажиллагааг хамгийн үр дүнтэй явуулах талаар, ингэхийн тулд юуг шийдвэрлэх шаардлагатайг сайн мэдэж байгаа” гэж Путин уулзалтын үеэр ярьсан байна.

Зургаадугаар сард гарсан зэвсэгт бослогын дараа Москвагийн эрх баригчид Вагнер группийг татан буулгаж, хөлсний цэргүүдийг нь батлан хамгаалах яаманд харьяалуулах болсон.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр уг уулзалтын талаар мэдээлэл өгөхдөө Трошевыг “батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа” гэж танилцуулсан байна.

Трошев нь Афганистан, Чеченийн дайнд оролцож явсан армийн хурандаа хүн юм. Тэрбээр 2016 онд Сирийн Палмира хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөх дайнд гавьяа байгуулсныхаа төлөө Орос Улсын Баатар цолоор шагнуулж байжээ.

Сүүлийн үед Бахмут хотын орчим Вагнерын цөөн тооны дайчид үзэгдэх болсон тухай Украины тал мэдээлж байгаа.

Гэхдээ тэднийг өмнөх шигээ аюул учруулах чадваргүй болсон гэж албаны эх сурвалж ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters