Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Япон дахь McDonald’s түргэн хоолны сүлжээний хамгийн ахмад эмэгтэй ажилтан 90 настай Тамико Хондагийн талаар тус улсын хэвлэлүүд энэ долоо хоногт мэдээлжээ.
100 нас хүртлээ ажиллах бодолтой байгаа Хонда гуай эрүүл саруул байгаагийн гол шалтгаанаа тасралтгүй ажил хөдөлмөр эрхлэх гэж тайлбарласан байна.
“Би өвчний шалтгаанаар ажлаасаа огт чөлөө авч байгаагүй. Ажилдаа ирж, залуу хүмүүстэй харилцах нь намайг эрүүл байлгадаг. Коронавирус хүртэл намайг дийлээгүй” гэж Күмамото хотын оршин суугч Хонда ярьсныг Майничи сонин мэдээлжээ.
Тэрбээр долоо хоногийн таван өдөрт өглөөний 7:30 цагаас эхлэн гурван цаг ажиллах ээлжтэй юм байна. Хонда гуай ажилдаа ирэхдээ 20 минут зарцуулдаг гэнэ.
Гэхдээ тэр McDonald’s сүлжээ рестораны хамгийн ахмад ажилтан биш юм байна. 95 настай Ёшимицү Ябута гэдэг хүн эрэгтэй ажилчдаас хамгийн ахмадад тооцогддог ажээ.
Хонда гуай өмнө нь асрагч, дараа нь цэвэрлэгчээр ажиллаж байсан ч эдгээр ажлын байруудад тавигддаг насны хязгаарын улмаас больж байсан гэнэ. Тухайлбал асрагчаар ажиллах насны дээд хязгаар 61, цэвэрлэгчийнх 67 байжээ.
Дараа нь тэр 2000 онд ганц охиныхоо зөвлөснөөр насны хязгаар тавьдаггүй McDonald’s ресторанд ажилд орсон байна.
Түүний охин 2011 онд нас баржээ. Хонда гуай одоо өглөө бүр ажилдаа явахаасаа өмнө охиныхоо зурагт “баяртай” гэж хэлдэг гэнэ.
Япон улсын хүн амын гуравны нэг орчим 65-аас дээш насныхан байдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм.
2023 оны байдлаар 36 сая гаруй ахмад настан тус улсад амьдарч байна.
Эдгээрээс 9 сая гаруй нь ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд энэ нь Япон улсын нийт ажиллах хүчний 10 орчим хувь болдог.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|