ХДХВ/ДОХ-ын халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих тандалт судалгааны албаны их эмч, Анагаах ухааны доктор П.Үнэнчимэгээс тодрууллаа.
- Манай улсад өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын халдварын хэдэн тохиолдол бүртгэгдээд байгаа вэ?
- Өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо 364 болсон. Эхний хагас улирлаар 358 байсан бол гуравдугаар улиралд шинээр зургаан тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 363 болсон.
- Барагцаалсан тооцооллоор энэ жил хэдэн тохиолдол оношлогдох вэ?
- ХДХВ-ийн халдвартай хүний тоо Монгол Улсад 645 байх боломжтой гэх барагцаалсан тооцоолол гарсан. Тэгэхээр тооцоолсноос 364-ийг оношилчхоод байна гэсэн үг. Энэ онд шинээр оношлогдох тохиолдлын тоо 34 байх боломжтой гэж үзсэнээс өнөөдрийн байдлаар 18-г нь оношилсон.
- Халдварын илрүүлэлт ямар түвшинд хийгдэж байгаа вэ?
- Жилээс жилд тоо нэмэгдээд байна гэдэг. Тооцооллоор бол их нэмэгдээд байгаа зүйл байхгүй. Гэхдээ нийт хүн ам өөрсдөө шинжилгээнд хамрагдахгүй бол мэдэгдэхгүй. Хүн бүрийн оролцоо чухал. Эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэж эхэлснээс хойш ХДХВ-ийн халдвараар орон нутгаас хоёр, Улаанбаатар хотоос хоёр гээд нийт дөрвөн тохиолдол оношлогдсон. Шинжилгээг 21 аймаг, бүх дүүргүүдэд буюу хаана ч үнэ төлбөргүй өгөх боломжтой.
- Нас барсан тохиолдлын тоо хэд байгаа вэ?
- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 63 тохиолдол болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|