Монголын эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр болж байна.
Уг зөвлөгөөн нь эрчим хүчний салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал, хүний нөөц, техник технологийн насжилтын талаарх үнэн бодит мэдээллийг төр засаг болон олон нийтэд нээлттэй хүргэж, асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Манай улсын эрчим хүчний дутагдлын талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна. Эдийн засгийн агуулгаар нь авч үзвэл эдийн засаг өсөж, тэлж байна гэсэн үг шүү дээ. Харин эрчим хүчний салбар шаардлагатай хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь авч чадаагүйгээс болоод дотоодын үйлдвэрлэл, хэрэглээгээ хангаж чадахгүй болсон.
Бид оргил ачааллын цагуудад ачааллын өсөлтийг БНХАУ, ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч авч хангаж байна. Өнгөрсөн жилүүдээс эхлэн бид зарим нэгэн боломжтой хэрэглээг оргил ачааллын цагуудад тодорхой хэмжээгээр хязгаарлах буюу эрчим хүчээр хангахгүй тасалж байгаа. Шинэ эх үүсвэр барих хүртэл энэ хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилсээр байх болно.
Импортын эрчим хүчийг одоо байгаа дэд бүтцийн хэмжээнд үүнээс цааш нэмэгдүүлж авах техникийн боломжгүй болсон. Эрчим хүчний салбар маш хүнд байдал байна. Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ эх үүсвэр барих ажлууд эрчимтэй явагдаж байгаа ч удаан хугацаанд үргэлжилдэг ажил учраас дор хаяж 3-5 жилийн хугацаанд ашиглалтад орно. Энэ хугацаанд үйлдвэрлэлээс давсан эрчим хүчээ хэрхэн хангах вэ гэдэг нь амаргүй асуудал байна" гэв.
Дамжуулах сүлжээний хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд орхигдсон. Дамжуулах сүлжээг баруун, зүүн тийш нь тэлж бүс нутгийн хэмжээнд жигд хөгжих боломжийг бий болгох төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Иймд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага маш их гэдгийг Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Ерэн-Өлзий онцлон хэллээ.
Нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай хөгжлийн төслүүд:
Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд
ДЦС-3 325 МВт
ДЦС-2 100 МBт
Чойбалсан ДЦС- 50 MBт
Амгалан ДС- 116 МВт (100 Гкал/ц)
ДЦС-4 Уурын зуух 500 тн/ц
Хийн эх үүсвэрүүд 219 МВт (185 Гкал/ц)
Нийт: 4,233,0 тэрбум
Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барих төслүүд
Тавантолгой ДЦС 450 МВт
Эрдэнэбүрэн УЦС 90МВт
Эгийн гол УЦС 315 МВт /Судалгаа/
Багахангай ЦС 300 МВт
Багануур ДЦС 400 МВт
Нийт: 9,128,8 тэрбум
Эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний төслүүд
Эрдэнэбүрэн- Мянгад- Улиастай 468 км
Тавантолгой ДЦС- Оюутолгой 167 км
Сайншанд- Цагаан суварга 204 км
Багануур- Чингис Чойбалсан 518 км
Багануур- Чойр 188 км
Мандалговь-Арвайхээр 287 км
Багануур- Налайх- Улаанбаатар 130 км
Нийт: 1,280,7 тэрбум
Байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний төслүүд
Цөмийн эрчим хүч
Ногоон устөрөгч
Байгалийн хий
Сэргээгдэх эрчим хүч,
Нар 35МВт, Салхи 15МВт
Нийт: 329.1 тэрбум
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!