Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

HCFC бодисын хэрэглээнд хийсэн хянан магадалгааны үр дүнг үндэсний оролцогч талуудад танилцуулах уулзалт болов

ikon.mn
2023 оны 9 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Монгол Улс Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протоколын Тал-Улс бөгөөд Монреалийн Протоколоор зохицуулдаг гидрохлортфторт нүүрстөрөгч (ГХФН/HCFC) төрлийн озон задалдаг бодис (ОЗБ)-ын хэрэглээг үе шаттайгаар бууруулж улмаар хэрэглээнээс бүрмөсөн гаргах үүрэг хүлээсэн болно.

Одоогоор Монгол Улс Монреалийн протоколын хэрэгжилтийг хангах зорилго бүхий Монреалийн протоколын Олон талт сантай хийсэн гэрээний дагуу “Гидрохлортфторт нүүрстөрөгч (HCFC/ГХФН) төрлийн хөргөх бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөр (HPMP)”-ийн II  үе шатыг хэрэгжүүлж байна.

HPMP хөтөлбөрийн хүрээнд HCFC төрлийн бодисын хэрэглээг 2030 он гэхэд үе шаттай бууруулж, хэрэглээнээс бүрмөсөн гаргах зорилттой. HPMP II үе шатын хүрээнд HCFC бодисын хэрэглээг 2030 оны 01 сарын 01 гэхэд суурь түвшин болох 1.4 озон задлах чадвар-тн (ОЗЧ-тн) хэмжээнээс импортыг бүрэн мөсөн зогсоож, хэрэглээнээс гаргах зорилготой. 

Монгол Улсын Засгийн газраас жил бүр Олон талт сан болон Озоны нарийн бичгийн дарга нарын газарт тайлагнадаг HCFC бодисын хэрэглээ (Монгол Улсын хувьд импортын хэмжээ улсын нийт хэрэглээнд тооцогдоно)-д хянан магадалгаа хийдэг. 2016 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн олон улсын шинжээч Монгол Улсын 2013, 2014 болон 2015 оны, 2019 онд 2016, 2017, 2018, 2019 оны бодисын хэрэглээнд хоёр удаа хянан магадалгаа хийсэн. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт HPMP II үе шатны хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу үндэсний HCFC бодисын хэрэглээнд хянан магадалгаа хийх ажлыг 2021 оны Олон талт сангийн Гүйцэтгэх хорооны 88 дугаар хурлаар баталсан болно.

Үүний дагуу 2023 оны 09 сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний алба (ОҮА)-аар дамжуулан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн олон улсын шинжээчид HPMP хөтөлбөрийн II үе шатны хэрэгжилтийн үр дүнд үндэслэн 2020-2022 оны HCFC бодисын хэрэглээнд хийсэн хянан магадалгааны тайлан бэлтгэж, үр дүнг үндэсний оролцогч талуудад танилцууллаа.

Хянан магадалгааны үр дүнгээс танилцуулбал:

  • Монгол Улсын хувьд зөвхөн HCFC-22 төрлийн озон задалдаг бодис (ОЗБ)-ыг цэвэр бодисоор импортолж байна.
  • Энэ удаагийн хянан магадалгаа хамарсан хугацаанд HCFC-22 бодисын хууль бус дотоод худалдаа илрээгүй.
  • HCFC бодисын хянан магадалгаа хамарсан хугацаанд импортын эх үүсвэр нь Монреалийн Протоколын Тал-Улс болох БНХАУ байна.
  • Монгол Улсын HCFC-22 бодисын нийт баталгаажсан хэрэглээ нь HPMP II үе шатны гэрээнд тусгасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага байна.

Хянан магадалгааны үйл ажиллагаа дараах үе шатуудыг хамарсан болно: 

  • Дата, мэдээлэл цуглуулах: Холбогдох оролцогч талууд болох Озоны үндэсний алба (ОҮА), Гаалийн ерөнхий газар болон бодис импортлогчдоос тайлан, мэдээлэл цуглуулах. Озоны үндэсний алба (ОҮА) нь Засгийн газар болон холбогдох оролцогч талуудаас HCFC бодисын худалдаа, зөвшөөрөл, квотын тогтолцооны талаар мэдээллийн эх үүсвэрийг нээлттэй болгох, хөнгөвчлөх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт: Хянан магадалгааны үйл явцыг танилцуулах, мэдээлэл авах, хянан магадалгааны тайлангийн үр дүнг танилцуулах, санал, зөвлөмж солилцох зорилго бүхий оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах.
  • Монгол Улсын HCFC бодисын хэрэглээнд хийсэн хянан магадалгааны тайланг боловсруулж 2023 оны Олон талт сангийн Гүйцэтгэх хорооны 93 дугаар хуралд оруулж, хэлэлцүүлэхээр илгээх зэрэг болно.

БОАЖЯ-ны Озоны үндэсний алба

 

Зураг
32 | 14 цаг