Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дуламсүрэн: Хүүхэд бүхэнд тэгш боломж олгохыг зорьсон

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Манай улсын хувьд ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр агуулгыг шинэчлэх, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд бүхэнд адил тэгш боломж олгох чиглэлээр шат дараатай олон ажлыг хариуцсан Яам, Агентлагаас эхлүүлж, хэрэгжүүлж байгаа ч өнөөдрийн түвшинд боловсролын тэгш хүртээмж, багш нарын ажиллах нөхцөл, цалин хангамж гэдэг асуудал бүрэн шийдэгдээгүй л байна. Гэхдээ энэ бүхэнд өөрчлөлт хийж, чадахаараа хувь нэмэр оруулахыг хүссэн нэгэн гэр бүл хамтдаа Ерөнхий боловсролын сургуулийн Дизайн технологийн хичээлд зориулсан тусгай материал, бэлдэц хэрэглэгдэхүүн хийж эхэлжээ.

Тэд “Хүүхэд бүхэн зохион бүтээгч байдаг. Хүүхдийн зохион бүтээх сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн анхан шатны мэдлэгийг өгөх хичээл бол Дизайн технологийн хичээл юм. Гэтэл манай улсын хувьд технологийн хичээлийн танхим хангалтгүй, мэргэжлийн багшгүй ч сургууль байгаа нь харамсалтай. Тиймээс ямар ч нөхцөлд байснаас үл хамааран хүүхэд болгонд тэгш боломжийг олгохыг зорьж энэ ажлаа эхлүүлсэн” хэмээн ярьсан.

Дизайн технологийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн үйлдвэрлэгч "Саруул эрдмийн төгөл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламсүрэнтэй ярилцсанаа хүргэе.

- Дизайн технологийн хичээлд зориулж бүтээгдэхүүн хийе гэдэг санаа анх яаж төрсөн бэ?

- Хүүхдийнхээ хичээлд хэрэгтэй байсан нэг жижиг хавтгай мод хайж явснаас л бидний энэ санаа эхэлсэн.

Би гурван хүүхдийн ээж. Том хүүгийн маань технологийн хичээл дээр хэрэглэх модыг хайж яваад олж чадаагүй. Хатаасан, зөөлөн, бас дээр нь харуулдаж бэлдсэн мод олох нь үнэхээр хэцүү ажил байв. Яг ийм байдал олон хүүхдэд тохиолддог юм байна гэдгийг анзаарсан. Бас дээр нь миний ханийн ах нар нь Дизайн технологийн багш байсан, багшаар ажиллаж байгаа хүмүүс учраас багш нарт ч бас эрэгтэй сурагчдаараа бүтээл хийлгэнэ гэдэг амаргүй ажил болохыг олж мэдсэн юм.

Эхний ээлжид яг ижил хэмжээтэй мод бэлтгэж, боловсруулахаас ажлаа эхэлж байлаа. Дараа нь сийлбэр хийх зориулалттай бэлдэц гаргаж байв. Хүүхдүүдээр зүгээр л амьтан, ургамал сийлүүлэх гэхээсээ илүү үндэснийхээ уламжлалт хэв маягийг тусгахыг хичээсэн. Ингээд цацал сийлэх бэлдэц бэлэн болж нийслэл болон орон нутгийн хэд хэдэн сургууль худалдаж авч байлаа.

Манай анхны худалдан авагч нар цацлаа сийлээд ээждээ, эмээдээ бэлэглэсэн, багш хүүхдүүдтэйгээ хамтраад сийлсэн цацлаараа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж дизайн технологийн ангиа тохижуулсан гээд эргээд холбогдож байлаа. Энэ бүхэн үнэхээр сайхан мэдрэмж төрүүлж цаашаа энэ ажлаа үргэлжлүүлэх урам зориг болсон доо.

- Одоо танайд хичээн төрлийн бүтээгдэхүүн байгаа вэ?

- Дизайн технологийн хичээлээр хөвгүүд мод боловсруулах, металл боловсруулах, техник загвар гаргах, электроникийн анхан шатны мэдлэгт суралцдаг. Бид яг энэ агуулгад нийцүүлэн, хамтран ажилладаг багш нарынхаа саналыг тусгаад одоогоор 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргаад байна.

Жишээ нь мод боловсруулах арга ажиллагаанд суралцангаа хүүхдүүд оньсон тоглоом, цацлын хувин, углуурга, жижиг ширээ гэх мэт эд зүйл хийж сурах боломжтой бэлдцүүд манайд бий. Бэлдэц болгоноо бид хүүхдийн нас насанд нь тохируулаад хялбараас хүндрүүлсэн байдлаар хийж байгаа. Бас дээр нь яаж угсрах заавар, загвар санааг заавал бүтээгдэхүүндээ багтаадаг.

Мэдээж хүүхэд болгонд тэгш боломжийг олгохыг зорьж байгаа учраас бэлдэц бүрдээ видео заавар хийж сошиал сувагтаа байршуулж байгаа. Нэг ёсондоо манай бэлдцийг худалдан авсан хүүхэд гэртээ, ангидаа ер нь хаана ч байсан заавраа хараад, эсвэл видео заавраа үзээд бүтээлээ хийх боломжтой юм.

- Бүтээгдэхүүн хийхдээ багш нарын саналыг тусгадаг гэлээ. Тэгэхээр багш нартай их нягт хамтран ажилладаг гэсэн үг үү?

- Хамтран ажиллах гэрээ байгуулаад ч юм уу тийм албан байдлаар бол хамтын ажиллагаа байхгүй л дээ. Багш нар биднээс бүтээгдэхүүн авахдаа өөрт тулгарч байгаа асуудлаа л хэлдэг юм.

Нэг багш бидэнд ирээд нэг хөгжилтэй түүх ярьсан л даа. Яасан гэхээр металл боловсруулах дадлага ажлын хичээлээр хүүхдүүдээрээ хөөмөл урлал буюу нимгэн хуудсан металл дээр хээ товойлгон гаргах гээд хамгийн тохиромжтойгоор нь ундаа, пивоны лаазыг задлаад хийлгэсэн байгаа юм. Бүр үүнээсээ болоод сургууль дээр хичээлийн цагаар согтууруулах ундаа уусан хэрэгт ч орж байлаа гээд инээж байсан.

Энэ үнэндээ инээдэмтэй гэхээсээ илүү үнэхээр эмзэглэмээр асуудал л даа. Бүхэл бүтэн гурван сая гаруй хүн амтай тусгаар улсад дунд сургуулийн хүүхдийн технологийн хичээлийг заахын тулд дандаа ингэж аргацааж, юмхнаар юм хийлгэх гэж багш нь ч сурагч нь хамаг цаг заваа зарж байгаа байхгүй юу. Тэгээд тэр багшийн яриаг сонсоод манайх хөөмөл урлал хийхэд зориулсан бэлдэц гаргасан. Яг энэ мэт багш нарын бодит хэрэгцээн дээр л бүтээгдэхүүнүүд маань гарч байгаа юм.

Мэдээж хэрэг чанар, стандарт тогтоохдоо, үнээ гаргахдаа ч багш нараасаа санал сонсдог. Нэмээд хэлэхэд Боловсролын яамнаас багш нарт хэрэглэгдэхүүн худалдан авах мөнгө хуваарилдаг болсон нь их чухал ажил болжээ гэж харагдаж байгаа.

- Цаашдын төлөвлөгөө юу вэ?

- Бид дизайн технологийн хичээлийг шинэ түвшинд, ахисан түвшинд аваачмаар байна. Хүүхдүүдэд сурч мэдэх тэгш боломжийг олгомоор байна. Гаднын орнууд энэ хичээлийг ямар байдлаар яаж явуулж байна, түүний үр дүнд хүүхдийн оюун санаа, бодол сэтгэхгүй хэрхэн хөгжиж байна гээд судлаад үзвэл бас их сонирхолтой. Энэ мэт судалгаан дээр түшиглээд ерөнхий боловсролын сургуульд технологийн хичээлийн жишиг танхимтай болгохыг зорьж, хүсэж байна.

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.