Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Драмын театрын урд ₮900 гаруй саяар дэмий юм хийхийн оронд ГУББГ-т тэрбум төгрөг өгөөд далангаа янзал л даа"

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит буй XIV хуралдаан өнөөдөр болж байна. 

Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай, өвөлжилтийн бэлтгэл ажил гэх зэрэг ажлын талаар хэлэлцсэн. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Геодиз, усны барилга байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа үерийн барилга байгууламжийг сэргээн засварлах мөнгийг шийдэж өгөхгүй байгаа асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Зуны үер ус нь хот гамшиг эрсдэлд хэр бэлэн байгааг шалгасан гэж хэлж болно. Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ болж байна уу, үгүй юу. Далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний насжилт ямар байна вэ гээд бодит амьдралтайгаа тулах ёстой. Нөхцөл байдал тун хүнд.

1973 онд Сэлбэ, Дунд голд аж ахуйн аргаар шороон далан хийсэн. 1973 оноос хойш хүрсэн хүн байхгүй. Үерийн үед 1.3 км газар сэтэрсэн. Удахгүй цас орно, хавар болж шар усны үер урсана.

Үерийн барилга байгууламж дээр нэг метр далан ч сэргээж засварлаж чадаагүй, хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй. Тэр шийднэ, энэ шийднэ гээд бултуулдаг. Ингэсээр байтал өвөл боллоо. Хавар шар усны үер болбол Геодез, усны барилга байгууламжийн газрын цөөн хэдэн залуу гарч зогсож чадахгүй шүү.

Маш бага төсвөөр шийдээд авъя, 1.3 км далангаа сэргээе гээд гуйсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн төлөө л хийе гэж байгаа. Төсөв мөнгө шийдэж өгөхгүй байна.

Дараагийн асуудал нь халиа дошин. Халиа дошин болох нь ойлгомжтой. Энэ жил хөрсний ус дээшилсэн, усны түвшин их байна. Нохойд барьдаг мод гэдэг шиг Хот, нийтийн аж ахуйн газрын хэдэн залуус төв зам руу ус оруулахгүй гэж өдөр шөнөгүй ажилладаг. Хэн ч үүнд санаа зовохгүй байна. Улаанбаатар хот маш их ажилтай, ачаалалтай, олон салбар руу явж байгааг ойлгож байна. Гэхдээ гамшиг эрсдэлийн асуудалд хэн мөнгө шийдэж өгөх вэ. Удаа дараа бичгээр хандаж, дарга нартай уулзаж байна, одоо болтол шийдээгүй. Тэгээд том том юм ярьцгаадаг. Жижиг асуудлаа эхлээд шийдэх хэрэгтэй.

Бас нэг асуудал нь авто замын дунд хаанаас ийм хайс хашлага тавьчихдаг юм бэ. Авто зам дээр хүмүүс ажил хийдэг. Нэгдүгээр эгнээг хашаад орхичхоор хэн тэнд ажил хийж, хэн тэнд эрсдэл үүрч зогсох вэ.

Авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээгээ цэвэрлэж чадахгүй байна. Хүнээ дандаа шөнийн цагаар ажиллуулдаг, ингэхэд илүү цагийн зардал гардаг. Яаж нэгдүгээр эгнээг хаагаад, хажуугаар нь машин явж байхад хүнийг ажиллана гэж бодож, төсөөлж чаддаг юм бэ. Яагаад амьдралаас ийм хол байна вэ.

Бид бүгд л Улаанбаатарт зорчиж байна. Түгжрээд явахгүй, ажил хийж болохгүй байгаа. Уялдаа холбоогүй, илүү дутуу юманд их мөнгө зарцуулна. Драмын театрын урд шал дэмий 900 гаруй сая төгрөгөөр юм хийхийн оронд Геодез, усны барилга байгууламжийн газарт тэрбум төгрөг өгөөд далангаа янзал л даа" гэв.

ВИДЕО:

https://fb.watch/nbyhx5MKIi/