Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Од: Дур мэдэн антибиотик хэрэглэснээр цаашдаа уух эмийн сонголтгүй болох сөрөг нөлөөтэй

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхын өөрийн үнэлгээний дүнг хэлэлцэх уулзалт "Блю Скай" зочид буудалд өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Уулзалтад Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүд оролцож, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний үндэсний чадавхыг бэхжүүлэх талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны Нян судлалын лабораторийн эмч Ц.Мөнх-Одоос нянгийн тэсвэржилтийн талаар тодруулснаа хүргэж байна. 



Тэрбээр "Сүүлийн жилүүдэд манай улсад нянгийн тэсвэржилт маш эрчимтэй өсөж байгаа нь анхаарах асуудал. ХӨСҮТ-ээс нянгийн тэсвэржилтийн талаарх судалгааг жил тутам хийдэг. 

Лабораторийн түвшинд бичил биетний тэсвэржилттэй холбоотойгоор "Олон эмэнд дасалтай нянгуудын антибиотик мэдрэг чанар"-ын судалгааг хийж байгаа. Үүнээс харахад манай улсын хүн амын дунд олон эмэнд тэсвэржсэн нянгууд сүүлийн үед  өсөлттэй бүртгэгдэж байна.  

Энэ төрлийн судалгаанууд олон салбар, чиглэлүүдэд тус бүр хийгдэж байна. Гэхдээ тандалтын нэгдсэн тогтолцоо дутмагаас тоон мэдээлэл тодорхой бус байгаа юм. Үүнийг сайжруулахын тулд тодорхой үнэлгээ явагдаж, үр дүнд гарсан зөвлөмжийн дагуу сайжруулах үйл ажиллагааг хийж байна.

Олон эмэнд тэсвэржсэн бичил биетэн ихсэх тусам эмнэлгээс шалтгаалах халдвар нэмэгдэх, мөн антибиотик эмчилгээний сонголтгүй болох аюултай байна. Дур мэдэн антибиотик хэрэглэх нь сөрөг үр дагавартай юм.

Жишээлбэл метициллинд тэсвэржсэн стафилококк гэх бактерийн тэсвэржилт Монгол Улсад маш их байдаг. Энэ бактер нь пенициллиний бүлгийн антибиотикуудад тэсвэржсэн байдаг" хэмээв. 

Үргэлжлүүлэн "Үйлчлүүлэгч эмчийн заалтаар нян судлалын шинжилгээ хийлгэсний үндсэн дээр ямар антибиотик хэрэглэхээ тодорхойлуулж эмчилгээ хийлгэх нь зөв.

Антибиотик мэдрэг чанарын шинжилгээг халдварт өвчнийг үүсгэгч эмгэг төрүүлэгчийн эсрэг тодорхойлдог. Гэвч зарим үйлчлүүлэгчийн дунд буруу ойлголт явж байдаг. Зарим эмч нар "Шээсэнд антибиотик мэдрэг чанараа үзүүлээд ирээрэй" гэж хэлээд явуулдаг тохиолдол түгээмэл. Шээсэнд нь ямар нэгэн өвчлөл байхгүй, үрэвслийн шинж тэмдэггүй үед нь “Антибиотик мэдрэг чанар үзээд ирээч ээ” гэж явуулах нь буруу. 

Жишээлбэл тухайн үйлчлүүлэгч бөөр шээсний замын үрэвсэлт өвчнөөр өвдсөн тохиолдолд нян судлалын шинжилгээг хийнэ. Шинжилгээнд эмгэг төрүүлэгч үүсгэгч илэрсэн тохиолдолд үүсгэгчийн эсрэг антибиотик мэдрэг чанарын шинжилгээ хийгддэг.

Зөвхөн үүсгэгчдээ зориулсан антибиотикт мэдрэг чанарын шинжилгээ гардаг. Жишээ нь шээсэнд нь бактери илэрсэн тохиолдолд тэр бактерийнх нь эсрэг л антибиотикийг тодорхойлж, эмчилгээ хийх нь үр дүнтэй гэсэн үг.

Ямар ч өвчний шинж тэмдэггүй, эмчид үзүүлээгүй хэрнээ нян судлалын лабораторид шээсний шинжилгээ өгөх нь ач холбогдолгүй юм. Иймээс эмчийн заавраар нян судлалын шинжилгээ өгөх нь зүйтэй" хэмээн тайлбарлалаа.