Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүлийн бага ангийн багш нартай эцэг эхчүүдийн утсаар ярьсан яриа бүхэн бичигддэг болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Өмнөд Солонгосын багш нарын эсэргүүцлийн цуглаан

Өмнөд Солонгосын нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх бага сургуулийн утас эцэг эхчүүдийн яриаг бичих төхөөрөмжтэй болох гэж буйг Сөүл хотын боловсролын газар өнөөдөр мэдээлжээ.

Мөн бага, дунд, ахлах бүх сургууль эцэг эхчүүдийн гомдлыг багш нарын өмнөөс хүлээж авах чатботтой болж байгаа юм байна.

Энэ бүх арга хэмжээ нь багш нарыг эцэг эхчүүдийн дарамт, зүй бус ааш авир, үйлдлээс хамгаалах зорилготойг Сөүл хотын боловсролын газрын захирал Чо Хи Ён тайлбарлажээ.

Долоо хоногийн 24 цагийн турш эцэг эхчүүдийн гомдлыг хүлээж авах чатботыг энэ оны арванхоёрдугаар сард Сөүлийн бүх шатны ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлж, ирэх оны гуравдугаар сарыг дуустал туршихаар болсон байна.

Уг чатботоор түгээмэл асуудлуудыг шийдвэрлэх ба хүний оролцоо шаардсан онцгой асуудлыг нийслэлийн боловсролын газрын дуудлагын төв рүү шилжүүлж байхаар болжээ.

2024 оны сүүлээр Сөүл хотын бүх бага сургуулийн утаснууд яриа бичигч төхөөрөмжтэй болох юм байна.

Хүүхдийнхээ багштай биечлэн уулзах хүсэлтэй эцэг эхчүүд ирэх оны есдүгээр сараас эхлэн гар утасны тусгай аппликэйшн ашиглан уулзалтын цагийг урьдчилан товлодог болох ажээ.

Сургуулийн уулзалтын өрөөнүүдэд камер суурилуулж, эцэг эхчүүдийн түрэмгий үйлдэл, хэл яриаг хянахаар болсон байна.

Эдгээрээс гадна багш нарт хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх шинэ системийг Сөүл хотын боловсролын газар нэвтрүүлэх болсноо өнөөдөр зарлажээ.

 

Эх сурвалж: Yonhap News