НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотод ирээд байгаа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өнгөрсөн Ням гарагт тэрбумтан Илон Маскийг хүлээн авч уулзжээ.
Туркийн телевиз өчигдөр Эрдогантай уулзахаар гурван настай хүүгээ тэвэрч ирсэн Маскийг харуулсан байна.
“Теслагийн долоо дахь үйлдвэрийг Турк улсад байгуулахыг ерөнхийлөгч Эрдоган хүслээ” гэж уг мэдээнд өгүүлжээ.
Маск хариуд нь шинэ үйлдвэр байгуулахад хамгийн боломжтой улсуудын нэг Турк болохыг Эрдоганд хэлсэн байна.
Энэ онд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Испанийн ерөнхий сайд Педро Санчез нар бас Теслагийн шинэ үйлдвэрийг нутаг дэвсгэртээ байгуулуулахаар Маскийг лоббидож байв.
Тесла компани одоо зургаан үйлдвэртэй бөгөөд тэдгээрийн хоёр нь АНУ-ын гадна оршдог. Нэг нь Хятадын Шанхайд, нөгөө нь Германд Берлиний ойролцоо байдаг юм.
Эрдоган энэ сарын сүүлээр Туркийн Измир хотод зохион байгуулагдах Teknofest технологийн чуулганд Маскийг урьсан байна.
Тэрбээр бас Маскийн хүүд хөл бөмбөгийн бөмбөг бэлэглэсэн юм.
Англи хэлээр олны дунд ховорхон ярьдаг Эрдоган энэ үеэр Маскаас “Эхнэр чинь хаана байгаа вэ?” гэж гэнэт асуусан байна.
Маскийг энэ асуулт нэлээд сандаргажээ. “Өө тэр Сан-Францискод байгаа. Бид салсан. Би ихэнхдээ хүүгээ асардаг юм” гэж тэр хэлээд инээж байв.
Тэр Канадын дуучин, хөгжмийн продюсер Граймсаас хоёр жилийн өмнө салсан юм.
Одоо 52 настай тэрбумтан өмнө нь хоёр ч эмэгтэйтэй гэрлээд салж байжээ. Түүнийг гурван эмэгтэйгээс төрсөн нийт 10 хүүхдийн эцэг гэдэг.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!