Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Холливүүдийн од Хью Жэкмэн 27 жил ханилсан гэргийгээсээ салахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн жүжигчин Хью Жэкмэн, түүний гэргий Дебора Ли Фернесс нар 27 жил хамт амьдарсны эцэст гэр бүлээ салгахаар шийджээ.

Австралийн уугуул хоёр жүжигчин бараг 30 жил үргэлжилсэн хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлцгээсэн байна.

“Бидний аялал энэ хүрээд өндөрлөж байгаа бөгөөд бид хувь хүнийхээ өсөлт хөгжлийн төлөө тус тусдаа амьдрахаар шийдэж байна” гэж тэдний хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

Жэкмэн, Фернесс нар 1995 оны “Correlli” телевизийн цувралд цуг дүр бүтээхдээ танилцаж байсан юм. Тухайн үед Фернесс олонд танигдсан жүжигчин байсан бол Жэкмэн дөнгөж драмын сургууль төгссөн залуу жүжигчин байжээ.

Тэд 1996 онд гэрлэснийхээ дараа эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд үрчилж өсгөсөн нь одоо тус тус 23, 18 нас хүрээд байгаа.

Жэкмэн, Фернесс нарын хувьд гэр бүл нь хамгийн чухал байсан бөгөөд цаашдаа ч хүүхдүүдийнхээ сайн сайханд санаа тавьсаар байхаа амлажээ.

“The Greatest Showman”, “Les Miserables” зэрэг кинонуудад дүр бүтээсэн Хью Жэкмэн супер баатруудын “X-Men” цувралд бүтээсэн “Wolverine”-ы дүрээрээ хамгийн их алдаршсан юм.

Энэ оны дөрөвдүгээр сард тэд гэрлэлтийнхээ 27 жилийн ойг тэмдэглэж байжээ.

Жэкмэн 2013 онд арьсны хорт хавдартай нь тогтоогдсоноос хойш нийтдээ долоон удаа хагалгаанд орсон юм. Энэ оны дөрөвдүгээр сард тэр хавдаргүй болж, бүрэн эмчлэгдсэнээ сошиал хуудсаараа зарлаж байв.

Жэкмэн энэ жил 54 настай бол Фернесс 67 настай юм.

 

Эх сурвалж: BBC