Оросын эрчим хүчний аварга компани Газпром шингэрүүлсэн хийг анх удаа Умард Мөсөн далайгаар тээвэрлэн Хятадын зах зээлд хүргэснээ Баасан гарагт мэдээлжээ.
Украины дайны улмаас Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлсэн Оросын эрх баригчид эрчим хүчний түүхий эдээ Азийн зах зээлд хүргэх бүх боломжийг эрэлхийлж байгаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөстөлт нь багассан Умард Мөсөн далайн зам шинэ боломж өгч байгаа юм.
Шинэ далайн зам нь Египетийн Суэцийн сувгаар дамждаг далайн замаар тээвэрлэх хугацааг нэг долоо хоног гаруй хугацаагаар богиносгож буйг Газпром мэдээлжээ.
Наймдугаар сарын 14-ний өдөр Санкт Петербург хотын гадна орших Портовая станцаас шингэрүүлсэн хий ачсан "Великий Новгород" хөлөг далайд гарсан юм байна. Уг хөлөг Баасан гарагт зүүн хойд Хятадын Хэбэй мужийн Таншань боомтод ачаагаа хүргэжээ.
Газпромын дараа ОХУ-д хоёрт ордог хувийн өмчийн хий үйлдвэрлэгч Новатек групп 2018 онд ижил замаар Хятадад бүтээгдэхүүнээ хүргэж байсан юм байна.
Сая Хятадад хүргэсэн хийг үйлдвэрлэсэн Портовая станц өмнө нь Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байжээ.
Украины дайн эхэлсний дараа Газпром компани Европын зах зээлээ алдсан юм. Энэ оны эхний хагасын байдлаар тус компанийн цэвэр ашиг $3 тэрбум хүрсэн нь өмнөх оны мөн үеэс гурав дахин буурсан үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: AFP