Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Испанид сэтгүүлч эмэгтэй камерын өмнө бэлгийн дарамтын хохирогч болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Телевизийн шууд эфирээр мэдээ дамжуулж байсан сэтгүүлч эмэгтэй бэлгийн дарамтын хохирогч болсон үйл явдал Испани даяар дуулиан дэгдээгээд байна.

Ялангуяа эмэгтэй тамирчиндаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес албан тушаалаасаа огцорсноос хойш хоёрхон өдрийн дараа ийм зүйл тохиолдсон нь асуудлыг улам хурцатгажээ.

Мягмар гарагт Cuatro телевизийн сэтгүүлч Иса Баладо нийслэл Мадрид хотын нэг дэлгүүрт гарсан дээрмийн хэргийн талаар гудамжнаас шууд сурвалжилгаа дамжуулж байв.

Энэ үеэр нэг эрэгтэй ойртож ирээд сэтгүүлч бүсгүйн өгзөгт хүрч, аль телевизэд ажилладгийг нь асуужээ.

Испанийн хүйсийн тэгш эрх хариуцсан сайд Ирен Монтеро “Өнөөдрийг хүртэл хэвийнд тооцогддог байсан зүйл одоо тийм биш болсон. Зөвшөөрөлгүй хүний биед хүрэх нь бэлгийн хүчирхийллийн нэг хэлбэр болсныг бүгдээрээ ойлгох хэрэгтэй” гэж мэдээг цацагдсаны дараа сошиал хуудсандаа бичжээ.

Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч, шадар сайд Йоланда Диаз халдлага үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулахыг уриалсан байна.

Удалгүй Мадрид хотын цагдаагийн газар 25 настай эрэгтэйг баривчилснаа зарласан юм.

Сэтгүүлч бүсгүйтэй студиэс харилцаж байсан хөтлөгч Начо Абад “Тэр сая чиний ар талд хүрсэн үү? Наад тэнэгээ камерт харуулаач” гэж хэлсэн юм.

“Чи миний хаана ажилладгийг асуухдаа заавал биед хүрэх ёстой гэж үү? Би ажлаа хийж байна” гэж Баладо энэ үеэр эрэгтэйгээс асуужээ.

Эрэгтэй биед нь хүрснээ камерын өмнө үгүйсгэж байхдаа ч сэтгүүлчийн үсийг илэхийг оролдож байв.

Түүнийг явсны дараа Баладо ийм зүйл болсонд үзэгчдээс уучлал гуйжээ. Хөтлөгч Абад энэ үеэр “Чамд уучлал гуйх шаардлага байхгүй. Энэ явдалд би маш их бухимдаж байна” гэж хариулсан юм.

Зүүний үзэл баримтлалтай Mas Madrid намын улс төрч Рита Маестре “Саяхныг хүртэл ийм зүйлийг ноцтой гэж үздэггүй, инээд наргиа болоод өнгөрдөг байв. Харин өнөөдөр эрүүл ухаантай хэн ч ийм үзэгдлийг тэвчдэггүй болсон. Энэ өөрчлөлтийг фэминизм гэдэг юм” гэж сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: BBC