Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн конгрессын сонсголын үеэр “харь гарагийн хүмүүсийн цогцос“ үзүүлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Мексик улсын конгресс түүхэндээ анх удаа харь гарагийн амьд биетийн асуудлаар сонсгол зохион байгуулжээ.

Энэ үеэр өөр гарагаас дэлхийд ирсэн зочдын хатсан цогцос гэх хоёр зүйлийг үзүүлсэн нь зарим хүмүүсийг гайхшируулж, заримыг нь хөгжөөсөн юм.

Саарал өнгөтэй, хүн хэлбэртэй эдгээр биетийг Мексикийн сэтгүүлч, судлаач Хайме Мауссан хурлын танхимд авчирсан байна.

Тэрбээр эдгээрийг 2017 онд Перу улсын нутгаас олдсон зүйлс гэж тайлбарлажээ.

“Эд бол хүнээс өөр төрлийн амьтад. Гарал үүслийг нь сайн мэдэхгүй учраас тэднийг харь гарагийнх гэж хэлэх боломжгүй байна” гэж Мауссан тайлбарласан байна.

Мексикийн Үндэсний Их сургуулийн судлаачид эдгээр биетийг “1,000 орчим жилийн настай” гэж тогтоосныг тэр энэ үеэр мэдээлжээ.

зураг
 

Энэ оны тавдугаар сард АНУ-ын сансар судлалын үндэсний байгууллага NASA анх удаа UFO буюу үл танигдах нисдэг биетийн асуудлаар нийтэд нээлттэй хурлыг зохион байгуулсан юм. Дараа нь долдугаар сард харь гарагийнхны талаар баримтыг эрх баригчид нууж байгааг илчилж, “шүгэл үлээсэн” гэгддэг тагнуулын албаны ажилтан асны мэдүүлгийг АНУ-ын конгрессын байнгын хороо сонсож байв.

Үүний дараа Мауссан өөрийн улсын хууль тогтоогчдод хандаж, ижил сэдвээр сонсгол зохион байгуулах хүсэлт гаргаж байжээ.

Мауссан нь харь гарагийн зочдын талаар янз бүрийн баримт дэлгэж, Мексикийн олон нийтийн дунд дуулиан тарьдгаараа танигдсан хүн юм.

Конгрессын сонсголыг хүмүүс янз бүрээр хүлээж авсан байна.

Зарим нь уг үйл явдлыг “Мексик улс шинжлэх ухааныг үл тоомсорлож буйн илрэл” гэж шүүмжилжээ.

Өөр нэг хэсэг нь Мауссаныг “галактик хоорондын харилцааны элч” болгох санал гарган хөгжилдөцгөөж байна.

 

Эх сурвалж: AFP