Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуулийн өөрчлөлт ба амьдрал

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 33 жилийн ойн өдөрт-

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь манай улсын улс төрийн амьдралд зарим өөрчлөлтүүдийг авчрах хэдий ч ард түмний амьдралын хэв маягт огцом давлагаа үүсгэхгүй байх нь төрийн хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын үүрэг болой. Бас сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авч хэрэгжүүлэхэд иргэд сонгогчид бид өөрийнхөө хувь нэмрийг оруулах учиртай.

Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдаж мөрдөгдсөнөөс хойш 31 жил өнгөрлөө. Энэ хугацаанд  2000, 2019, 2023 онд нийт 3 удаа нэмэлт өөрчлөлт орлоо. Сүүлийн 2 нэмэлт, өөрчлөлтийн дагуу хийх эрх зүйн шинэчлэл үргэлжилж байна. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлаас батлан мөрдүүлэхээр тогтсон хуулиудаас Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Газрын тухай, байгаль орчныг хамгаалах, ашигт малтмалын ашиглалтын талаарх бүлэг хуулиуд зэрэг 10 гаруй хуулийг батлаагүй хугацаа алдаж байна.

Саяын өнгөрсөн хаврын чуулганаар Үндсэн хуульд гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог тогтолцоонд шилжихтэй холбоотой өөрчлөлтийг оруулснаар Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Төрийн ордны тухай зэрэг хуулийг шинэчлэн батлах нүсэр ажил нэмэгдлээ.

Ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХҮН намын дарга Т.Доржханд нар Үндсэн хуульд оруулсан сүүлчийн нэмэлт өөрчлөлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх үеэр Улсын Их Хурлын гишүүдэд эрх мэдэл хэт төвлөрч байгааг сааруулахын тулд гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай, бас Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн нь хөгжлийн чөдөр тушаа болж, мөнгөний сонгуулийг өдөөн дэмжиж, нийгмийн болоод салбарын төлөөллийг хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнд оруулж чадахгүй байна гэж итгэл үнэмшил төрүүлэхүйцээр тайлбарласан нь олон түмний дунд томоохон хүлээлтийг үүсгэв.

Дээр дурдсан хуулиудыг энэхүү хүлээлтэд бүрэн хариу өгөхүйцээр  батлан гаргах үүрэг Улсын Их Хурлын өмнө тулгарч байна.

Улсын Их Хурлын гишүүний тоо 50-аар нэмэгдлээ. Сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэнээр Улсын Их Хуралд үнэмлэхүй олонх гэж байхаа бараг болино. Одоо ёстой жинхэнэ зөвшилцлийн ардчилалд шилжих, улс төрийн нам эвслүүд ширээний ард өөд өөдөөсөө харж сууж байгаад зөвшилцөлд хүрэх алхмуудыг хуульд тогтоомждоо суулгаж мөрдөх шаардлага тулгарна. Улс төрийн нам, эвсэл парламент дотроо учраа олж зөвшилцөж чадахгүй бол төрийн эрх барих дээд байгууллагын тогтвортой байдал алдагдаж, улс орон бүхэлдээ ганхахад хүрнэ.

"Бид улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэн эвсэх нь хамгийн чухал"

зураг
 

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Монгол Улсад улс төрийн намууд сонгуульд эвсэл болон нэгдэж орох, сонгуулийн дараа Засгийн газар байгуулах эвсэл болж нэгдэхийг аль алиныг нь зөвшөөрчихлөө. Сонгуулийн дараа улс төрийн нам, эвслүүд Засгийн газар байгуулах эвсэлд сайд болох сонирхолдоо хөтлөгдөж нэгдэх бус жинхэнэ улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт нэгдэн эвсэх нь хамгийн чухал. Засгийн газар тараад байвал дараагийн газар байгуулах эвслийг бүрүүлэх, бүрдүүлсний дараа гэрээгээ байгуулах, сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ тохирох гээд багагүй хугацаа шаардагдана. Засгийн газар удаан хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажилласны горыг бид өмнө нь хангалттай хүртэцгээсэн.

Ийм учраас сонгуулийн дараа Засгийн газар байгуулах талаар гэрээ байгуулсан эвсэл тарахыг Улсын Их Хурлын тухай хуулиар хязгаарлах  шаардлагатай гэж харж байна. Ингэхгүй бол эвсэл задарлаа, Ерөнхий сайд огцорлоо, Засгийн газар тарлаа, дараагийн эвслийг байгуулах, шинэ Ерөнхий сайдыг томилох, Засгийн газраа эмхлэн байгуулах гээд хугацаа алдаж, энэ нь улс орны урагшлах хөгжилд чөдөр тушаа болох магадлалтай байна.

Судалгаанаас харвал Германд гэхэд л сонгуулийн дараа засгийн газраа байгуулах гэж 6 сар болж байсан. Израильд ч мөн төстэй зүйл болж, ойр ойрхон сонгууль хийж байв. Эдгээр улсууд бол хөгжлийн түвшнээр манайхаас хол тасарсан улсууд учраас улс орных хөгжил дэвшилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй биз. Манайд  бол улс орны амьдрал хүндрэх магадлал тун чиг өндөр гэдгийг тооцох учиртай.

Сонгуульд эвсэл болж нэгдсэн намууд бүрэн эрхийн хугацаа дуусгалгүй тарах аваас эвслийн гэрээ цуцлагдсан  өдрөөс эхлэн тухайн эвслийн бүлэг, түүний ажлын албыг татан буугдсанд тооцож санхүүжилтийг зогсоох зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах нь зүйтэй. Эс тэгвээс Ардчилсан намын бүлэг тарсан ч оронд нь зөвлөл гэж аль ч хуульд заагаагүй нэгж байгуулаад санхүүжээд явж байсан сургамж бидэнд бий.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан сүүлчийн өөрчлөлтийг санаачлагчдын тайлбарласнаар гишүүдийн эрх мэдэл хумигдаж, гагцхүү улс орныхоо хөгжил дэвшил, нийтлэг дээд эрх ашгийг эрхэмлэн баримтлах зарчимд шилжих учиртай. Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгөө том дарга нар гэж харахаас илүү ард түмний элч төлөөлөгч, улс орныхоо хөгжлийн төлөө ард түмнийхээ итгэлийг тээгч гэж харах шаардлагатай. Улс төрчид болон улс төрд өөрийгөө шинээр сорих гэж байгаа хүн бүр энэхүү нөхцөл байдалд бэлэн гэдгээ эргэн хянаж үзвэл зохино. Өмнөхийн адил өндөр эрх мэдэлтэн болно гэж бүү сэтгээсэй.

Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаа хуучнаараа, 2 удаагийн чуулган тус бүр 75-аас доошгүй хоног хэвээр, харин гишүүдийн тоо 40 хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл тогтсон хугацаандаа чанартай хууль батлан гаргахад нэг гишүүнд ногдох хугацаа 40 хувиар багасах ч хуулиар оноогдсон үүрэг нь хэвээрээ гэдгийг санах хэрэгтэй. Энэ нөхцөл байдалд тохируулж үйл ажиллагааны журам болох Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиудын зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай. Улсын Их Хурал хэт олон Байнгын хороотой байх гэхээсээ илүү оновчтой цөөн Байнгын хороотой байхаар хуульдаа зааж, харин тухайн бүрэн эрхийн хугацаанд улс орны хөгжлийн ямар чиглэлийг чухалд үзэхээ харгалзан 3 хүртэл Байнгын хороо нэмж байгуулж болохоор зохицуулах нь дээр байж магадгүй. Ер нь Улсын Их Хурал хэт олон бүтцийн нэгж байгуулах нь яам, агентлагийнхныг үндсэн ажлаас нь хөндийрүүлэх хандлагатай болсныг анхаарч үзэх хэрэгтэй.

Улсын Их Хурлын гишүүд суудлаасаа саналаа илэрхийлж, зохисгүй үг хэллэг хэрэглэх нь ард түмэнд таашаагддаггүй, харин ч  энгийн олон түмэн ингэж ярьж харьцаж болох юм байна гэсэн үлгэр авч, түүнийгээ ардчилал гэж тайлбарлаж байгааг харгалзан Байнгын хороо, намын бүлгийн дүгнэлт, гишүүдийн тусгайлсан саналыг тусгай индрээс илтгэх нь илүү албан ёсны, хүлээн зөвшөөрөгдөхүйц, даацтай болохыг анхаармаар байна.

Гишүүдийн тоог нэмэх талаар хэлэлцэж байх явцад зардал бараг л нэмэгдэхгүй гэж эрх мэдэлтэй хүмүүс тайлбарлаж байсан. Гэсэн ч гишүүдийн тоо нэмэгдсэн болохоор ажлын байр, цалин хөлс гээд зардал нэмэгдэх нь мэдээж. Харин гишүүдийн унаа, утас, хэвлэл захиалгын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх нь тохиромжтой. Хууль санаачлахад гаргадаг зардлыг ч эргэн харж 126 гишүүнд нь хувааж багасгах шаардлагатай болов уу. Төсвөөс санхүүждэг гишүүдийн зөвлөх туслахын орон тоог одоогийнхоос нэмэгдүүлэхгүй байх чиглэл баримаар байна.

Улсын Их Хурлын бүтцийн нэгж болох улс төрийн нам, эвслийн бүлгүүд хууль тогтоомжийн төслийн талаарх санал дүгнэлт дээрээ саналаа нэгтгэж илэрхийлэх, санал дүгнэлтийн төслийг бүлгийн ажлын алба нь нэг мөр бэлтгэж өгдөг байх нь зүйтэй.  Харин Тамгын газар Байнгын хорооны дүгнэлтийн төслийг бэлтгэнэ. Тамгын газар, нам эвслийн бүлгүүдийн ажлын албаны энэхүү ажил үүргийн заагийг чанд баримталж, нам, эвслийн бүлгийн удирдлага, гишүүд Тамгын газрын зөвлөхүүдтэй зөвхөн Тамгын газрын удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр харилцах журамд шилжвэл зохистой. Харин Тамгын газрын зөвлөхүүд гишүүдэд төслийн зүйл заалт Үндсэн хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, бусад хуулийн зүйл заалтуудтай зөрчилдөж  байгаа талаар зөвлөсөн тохиолдолд түүнийг заавал хянаж үздэг журамд шилжих нь зүйтэй.

Улсын Их Хурлаас Түр хороо, Улсын Их Хурлын дарга, Байнгын хороодоос Ажлын хэсэг байгуулаад тэдгээр нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгэж тайлангаа тавихгүйгээр хугацаа сунжруулж, зардал нэмэгдүүлдэг буруу жишгийг халах шаардлагатай.

Хянан шалгах түр хороо байгуулах үндэслэл, түр хорооны ажлын журмыг улам боловсронгуй болгож жигдрүүлэх хэрэгтэй.

Засгийн газрыг Ерөнхий сайд байгуулахдаа авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон этгээдээс бүрэлдэхүүндээ оруулж ирдэг байсан буруу жишгийг нэг мөр халах цаг нь болжээ.

Засгийн газарт засаг захиргааны шинэтгэл хариуцсан бүтцийн яам байгуулж, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлуулан засаг захиргааны хуваарийг шинэчлэн өөрчлөх, Засаг даргад дарга болохыг хүссэнийг нь биш, дарга болоод шинэчлэл хийж, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөх хүнийг томилж дэмжиж ажиллах нь юу юунаас чухал болоод байна. Ингэхгүй бол орон нутгийн вант улс байгуулсан мэт авирладаг харьяа сумдынхаа хөгжлийн асуудлыг орхигдуулж ирсэн дутагдал ужгирах төлөвтэй байна.

Хөдөлмөрийн үнэлэмжийг эрс дээшлүүлж, хөдөлмөрийн насныхны гадагшлах урсгалыг  хазаарлах чиглэлд шийдвэртэй алхмуудыг хиймээр байна.

"Ашигт малтмал олборлож экспортлохыг шүтсэн бодлогоос үйлдвэрлэлийг шүтсэн бодлогод шилжмээр байна"

Ашигт малтмалын хайгуул хийж олдсон орд болгоныг ашиглахад хүргэж байгаа одоогийн хууль тогтоомжийн зохицуулалтыг эргэн харж, зарим орд газрыг хойч үедээ үлдээх бодлогод шилжиж, хайгуулын лиценз авсан болгон нь орд газрыг ашиглах эрх эдэлдэг одоогийн зохицуулалтыг өөрчлөх цаг болжээ.

Уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нутаг дэвсгэрийн заагийг урт хугацаанд тогтоож, тэнд ашигт малтмалын хайгуул хийхгүй байх, ашиглаж дууссан ордыг малын бэлчээр, хөдөө аж ахуйн бусад эдэлбэр газарт шилжүүлэх журмыг зохистой тогтоон мөрдөх шаардлагатай байна. Ашигт малтмал олборлож экспортлохыг шүтсэн бодлогоос үйлдвэрлэлийг шүтсэн бодлогод шилжмээр байна.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгалын хүрээнд хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах бодлогыг тууштай хэрэгжүүлж, хот суурины хүн амын махны хэрэгцээг  эрчимжсэн мал аж ахуйгаас хангах, бэлчээрийн малын махыг экспортод саадгүй гаргах зорилгоор малыг эрүүлжүүлэх арга хэмжээг богино хугацаанд тууштай хэрэгжүүлмээр байна.

Түүнчлэн мал нядалж, мах үйлдвэрлэх үйлдвэрүүдийг орчин үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцүүлэн шинээр байгуулах, хоцрогдсон технологи бүхий хятадын махны үйлдвэрүүдийг нэн даруй зогсоох хэрэгтэй.  Мал нядлах үйлдвэрүүдээс гарч буй бүх түүхий эдийг бүтээгдэхүүн болгох зорилгоор тэдгээрийг  түшиглүүлэн арьс ширний анхан шатны боловсруулалт, яс, дотор мах, эвэр туурай, өлөн гэдэс, цус боловсруулах үйлдвэрийг кластерын хэлбэрээр байгуулах бодлого барих хэрэгтэй байна.

Мал бордох, махны гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байгаа санаачилгыг хөхүүлэн дэмжвэл зохино. Сүү бэлтгэл, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн технологи бүхий Фермерийн аж ахуйг хөгжүүлэх, улирлын чанартай сүүний нийлүүлэлттэй уялдуулан хуурай, өтгөрүүлсэн сүү үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулж ажиллуулах болон төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэх зорилгоор усжуулалт, хүлэмжийн аж ахуй, эрүүл ахуй, шаардлага хангасан зоорийн аж ахуйг байгуулан ажиллуулахыг бодлогоор дэмжих шаардлагатай байна.

Үндсэн хуульд оруулсан сүүлчийн нэмэлт, өөрчлөлт зөвхөн Улсын Их Хурал, Засгийн газарт шинэ зорилт хэрэгжүүлэхийг үүрэг болгоогүй, сонгогч олон түмэн та бидэнд түүнээс дутахааргүй үүрэг хүлээлгэв. Манайхан аливаа асуудлыг шийдвэрлэх явцад ам уралдуулдаг шигээ тэдгээрийг хэрэгжүүлэх үйл явцад амаар биш бодит үйл хэргээр дэмжлэг үзүүлэхэд анхаарч эхлэх цаг нь аль хэдийн болжээ. Сонгогч бидэнд шинэ хандлага, шинэ арга барилаар сонголтоо хийхийг Үндсэн хуулийн сүүлчийн нэмэлт, өөрчлөлт үүрэг болгов.

Монголчууд бид хэлснээр биш хийж бүтээснээр ажил үйлсээ цэгнэдэг, шүүмжлэхийнхээ өмнө шүүн тунгаадаг уламжлалтай ард түмэн. Гэтэл сүүлийн үед сэтгэж тунгаах толгой тархиныхаа хүч чадлыг ашиглахдаа хойргошиж, аман дээрээ гарч ирсэн үгийг тархины боловсруулалтгүйгээр, аймшиггүйгээр цацдаг, түүнийгээ ардчилал хэмээн андуурдаг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Одоо больцгооё. Улс орныхоо урагшлах хөгжилд үгээр биш үйл хөдлөлөөр, өөрөөр хэлбэл хөдөлмөр зүтгэлээр нэмэр болмоор байна.

Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулиараа бэхжүүлснээр сонгогч бид 2024 оны сонгуулиар тойрогт нэр дэвшигч, сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх нам, эвслийн аль алиных нь төлөө саналаа гаргах шинэ журамд шилжинэ. Энэ сонгуулиас эхлээд сонгогч бид сонгосон л бол  улс орныхоо хөгжил дэвшлийн үр шимийг ч хүртэх болно, уруудаж доройтсоны ч үр дүнг мөн хүртэх болно.

Ер нь сонгуульд оролцож хэлбэрийн төдий санал өгсөн, эсхүл оролцохгүй орхисныхоо үр дагаврыг одоо ч хүртэж байгаагаа ухамсарлаж залруулах цаг нь Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт хэрэгжиж эхлэх хугацаатай давхцаж байгаагаараа онцлог юм.

Сонгосныхоо дараа амаа барьж, үнэн худал ярьж байгаагаа мэдэхгүй зоргоороо бурдгаа эцэслэж, сонголтоо хийхдээ ухаалаг хэрсүү хандахыг Үндсэн хуулийн сүүлчийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцад төрийн өндөр дээд албан тушаалтнуудын мэдэгдсэнчлэн мөнгө, гарын бэлэг харахгүй, нийгмийн болоод салбарын төлөөллийг харгалзах, авлига, албан тушаалын хэрэгт орооцолдсон эсэхийг нь нягталж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлсэн бодлого, зорилт нь бодитой, хэрэгжих бололцоотойг тогтоож мэдсэнийхээ дараа сонголтоо хийх наад захын шаардлагыг сонгогч бидний өмнө дэвшүүлэн тавьж байна.

Үндсэн хуульд сүүлийн жилүүдэд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд төрийн дээд байгууллагууд, түүнчлэн нийт ард түмний өмнө дээр дурдсан зорилтуудыг дэвшүүлэн тавилаа. Амьдрал сайн тал руугаа дэвжвэл бид эдгээр зорилтыг хэрэгжүүлж чадаж байна гэсэн үг, уруудаж доройтвол зорилтоосоо ухарлаа гэсэн үг.

Хэрхэхийг бид өөрсдөө шийднэ.

Ахмад парламентач Ц.Товуусүрэн