"Hi Sainuu" компани өнгөрөгч наймдугаар сарын 24-нөөс түрээсийн 1,000 дугуйг үйлчилгээнд нэвтрүүлээд буй.
Гэвч хэрэглэгчдийн санаатай үйлдэл болон дугуйн замын хүрэлцээгүй, эвдрэлтэй байдал зэргээс үүдэн 200 гаруй дугуйг үйлчилгээнд дахин ашиглах боломжгүй болсон байна.
Энэхүү асуудлаар тус компанийн хэвлэл мэдээллийн ажилтан Л.Урангоогоос тодруулга авлаа. Тэрбээр "Иргэдийн санаатай, санамсаргүй үйлдэл болон зориулалтын замын хүрэлцээ дутмагаас 200 гаруй дугуйг дахин түрээсийн үйлчилгээнд явуулах боломжгүй болсон.
Мөн манай ажилтнууд өдөр бүр хотын алслагдсан бүсүүдээс дугуйгаа цуглуулж ирэх асуудалтай тулгарч байгаа. Иргэд Шарга морьт, Бэлх, Тахилт, Баруун түрүү зэрэг хотын төвөөс хол бүсүүд рүү дугуй унаж яваад хашаа, барилга дотор орхичихдог. Хүмүүсийн нүдэнд ил, нийтийн зам талбайд үлдээлгүй далд газар орхичихдог болохоор дараагийн хүн ашиглах боломжгүй гэж үзэн тухай бүрд нь очиж авчирдаг.
Нийслэлийн хэрэглэгчдийн хувьд 1,000 дугуй яагаад ч хангалттай хүртээмжтэй байж чадахгүй байгаа. Гэтэл 200 гаруй дугуй нь байнгын засварын үйлчилгээнд эргэлдэж байгаа тул хангалттай дугуй нийлүүлж чадахгүй байгаа" хэмээн ярилаа.
Өвлийн улирал эхэлж дугуйнуудаа хураахаас өмнө дахин 1,000 шинэ дугуйг удахгүй үйлчилгээнд нэвтрүүлэх юм байна.
30-40 насны иргэд түрээсийн дугуйг идэвхтэй ашиглаж байгаа гэнэ. Аппликэйшнээ хэрхэн ажиллуулах талаар иргэд асуудаг байсан ч өмнөхөө бодвол зохих хэмжээний ойлголттой болжээ.
Дугуйн үйлчилгээ нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихээс гадна түгжрэлийг сааруулахад эерэг нөлөө үзүүлж иргэдийн зорчих цагийг хэмнэж байгаа аж.
Тус байгууллагын зүгээс "энэхүү үйлчилгээ нь нэг талаараа иргэдийн эрүүл мэнд, замын түгжрэлд эерэг нөлөөтэй ч нөгөө талаараа хүмүүсийг аливаа үйлчилгээг боловсон, ухаалаг хэрэглэх соёлд сургаж буй явдал. Иргэд маань эргээд өөрийнхөө болон өрөөлийн ашиглах дугуйд ариг гамтай хандаасай" хэмээн уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!