Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Товуусүрэн: Улсын Бага Хурлын гишүүд хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм байгуулах үйл явцын гарцыг нь нээж өгсөн

Т.Саран, iKon.mn
2023 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.

Одоогоос 33 жилийн өмнө буюу 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй.  Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажиж, төлөвшин хөгжиж байна.

Анхны парламентын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тухайн үеийн нийгэм, улс төрийн харилцааны асуудлаар Улсын Бага Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын Газрын зөвлөх Ц.Товуусүрэнтэй ярилцлаа.


 -Сайн байна уу. Таны хувьд Бага хурлын гишүүнээр ажиллаж байсан. Түүхт энэ өдрийн мэндийг танд хүргэе?

-Баярлалаа. 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүнээр ажиллаж байлаа. Бага хурлын хувьд бүрэн эрхийн хугацаа нь таван жил байсан. Хоёр жилийн хугацаанд ажиллаж, Үндсэн хуулийг батлаад Улсын Бага Хурал үүргээ гүйцэтгэлээ гэж үзсэн тул УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу бүрэн эрхийг нь УИХ-д шилжүүлэх үйл явц өрнөсөн юм.

Ардын их хурал 430 депутаттай байсан бөгөөд 12 дахь удаагийн анхдугаар чуулганаараа УБХ-ын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга 50 гишүүн, 30 даргатайгаар Улсын Бага Хурлыг байгуулсан.

-Бага Хурлын гишүүдийн гол үүрэг нь Үндсэн хуулийн төсөл дээр ажиллах байжээ?

-Улсын Бага Хурлын анхдугаар чуулганаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг байгуулсан юм. Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуай энэхүү комиссыг даргалж байлаа.

Улсын комисс дэргэдээ салбар комиссоо байгуулаад Үндсэн хуулийн төслийг бүлэг бүлгээр нь хувааж аваад ажилласан. Улсын Бага Хурлын гишүүдийн хувьд зарим хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байсан ч ихэвчлэн Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан. Бид Үндсэн хуулийн төслийг 1991 онд хоёр удаа хэлэлцээд, ард нийтээр хэлэлцүүлэх шийдвэр гаргасан юм. Үүний дараа мөн дахиж хэлэлцээд уг хуулийн төслийг Ардын Их Хуралд өргөн барих шийдвэр гаргаж байсан.

Ардын Их Хурал Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад Улсын Бага Хурлаас Б.Чимид, Лүндээжанцан нар Үндсэн хуулийн төслийн эхийг баригчаар, Байнгын хороодын дарга нар болон гишүүд төслийн тодорхой бүлгийн хэлэлцүүлгийн  үеэр илүү ачаалалтай ажиллаж байв. уг төслийг илүү сайжруулах үүрэг хүлээж байлаа.

Үндсэн хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн тухай батлах шаардлагатай байсан. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг баталж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих хариуцлага тооцох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

"Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар байнгын ажиллагаатай парламент байгуулагдах суурийг тавьсан"

-Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж бий болох урьдач нөхцөл хэрхэн бүрдээд байв?

-Ардчилсан хувьсгалын үйл явц 1989 оноос өрнөсөн. Энэхүү үйл явцын үр дүн нь 1990 оны Ардын Их Хурлын сонгуулиар бий болсон гэж үздэг. Ардын Их Хурлын 11 дэх удаагийн IX  анхдугаар чуулганаар Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталсан юм. Уг хуулийн дагуу Ардын Их Хурлын сонгууль явагдсан. Улмаар АИХ анхдугаар чуулганаа хийж, Улсын Бага Хурлыг байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар байнгын ажиллагаатай парламент байгуулагдах суурь үндсийг тавьсан гэсэн үг.

Улсын Бага Хурлын хувьд улс оронд зах зээлд шилжих үйл явц, хүний эрхийг дээдлэх чиглэлд анхаарч ажиллаж эхэлсэн. Аж ахуйн нэгжийн тухай, Татварын тухай, Гаалийн тухай болон зах зээлд шилжихэд суурь болохуйц хуулиудыг шинээр баталсан.

-Монгол Улс парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон түүхээс та хуваалцахгүй юу?

-Манай улс 1924 онд Бүгд Найрамдах Улс болсон. 1924 оны Үндсэн хуулиар парламент бүхий Бүгд Найрамдах Улс болсноо тунхагласан хууль болсон. Гэвч явцын дунд парламентын засаглал гэдэг ойлголт нь бага зэрэг бүдгэрсэн. Социалист хөгжлийн чиг баримжаанд 1980-аад оноос эхлээд шүүмжлэлтэй хандаж, эхэлсэн. дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийг арай өөрөөр харах ёстой гэж үздэг болсон юм.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний ардчилсан нийгэм байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд улс орноороо хүрч байсан үе л дээ. Монголын ард түмэн ч энэ өөрчлөлтөд бэлэн байсан. Тухайн үед Засгийн эрхийг барихад оролцож байсан МАН/МАХН/, АН бусад намууд ард түмэн нэгэн дуугаар дээрх шийдлийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй. Монголын ардчиллын эхийг баригч нь монголын ард түмэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болсон.

-Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн харилцааны эрх зүйн үндсийг тогтооход хэрхэн хувь нэмрээ оруулсан гэж та хэлэх вэ?

-Улсын Бага Хурлаас УИХ байгуулагдаад хэрхэн үйл ажиллагаа явуулах талаарх үйл ажиллагааных нь журмыг баталгаажуулж өгсөн. Мөн Засгийн газрын тухай, Ерөнхийлөгчийн тухай УИХ-ын сонгуулийн тухай зэрэг хуулийг хэлэлцэж баталсан. 

Улсын Их Хурлын сонгуулийн дараах төрийн төв байгууллагуудыг эмхлэн байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааных нь журмыг тогтоох ажлыг Улсын Бага Хурлын гишүүд хийж байлаа гүйцэтгэсэн. Энэхүү нөхцөлийг бүрдүүлж байж дараагийн УИХ-ын сонгууль явагдсан.

Өөрөөр хэлбэл шинэчлэлд шилжих бэлтгэлийг хангасан. Улсын Бага Хурал хурлынхан богино хугацаанд чухал шийдвэрүүдийг гаргаж, хүний эрхийг дээдэлсэн иргэний ардчилсан нийгэм байгуулах үйл явцын гарцыг нь нээж өгсөн гэж хэлж болно.

-Өнөөгийн парламент үүргээ хэрхэн сайн гүйцэтгэж байна гэж та дүгнэх вэ?

-Төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг хүндэтгэж ажилладаг. Мэдээж хэрэг хууль, журам батлагдахаас нь өмнө санал шүүмжлэлээ хэлдэг. Одоогоор миний хувьд УИХ-ын Тамгын Газарт зөвлөхөөр ажиллаж байна.