Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Вьетнам улс иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгт зохион байгуулагдсан Их 20-ын бүлгийн дээд хэмжээний чуулганд оролцсон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены дараагийн зогсоол Вьетнам улс байлаа.

Тэрбээр хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн шатанд ахиулах гэрээнд гарын үсэг зурахаар Ханой хотод анх удаа айлчлан ирсэн байна.

Азийн бүс нутагт Хятад улсын хүч нөлөөг хязгаарлах бодлогынхоо хүрээнд Вашингтон сүүлийн хоёр жилийн турш Вьетнам улстай идэвхтэй хамтран ажилласны үр дүн ийнхүү гарч байгаа юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Байден дэд ерөнхийлөгч, төрийн нарийн бичгийн дарга, батлан хамгаалахын сайд зэрэг бүх өндөр албан тушаалтнуудаа Вьетнамд илгээж байв.

Америкийн сүүлчийн цэрэг гарснаас хойш 50 орчим жилийн дараа АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц энэ жил анх удаа Вьетнамын боомтод ирсэн юм.

“Энэтхэг-Номхон далайн бүс нутагт өргөжин тэлж буй түншлэлийн сүлжээнд Вьетнам улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг энэ айлчлал харуулж байна” гэж Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх Жэйк Салливан ерөнхийлөгчийнхөө айлчлалын өмнөх хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байв.

100 сая орчим хүн амтай Вьетнам улс нь залуу, өндөр боловсролтой ажиллах хүчний их нөөцтэй. Сүүлийн жилүүдэд АНУ-ын хөрөнгө оруулагчид үйлдвэрүүдээ Хятадаас энэ улс руу нүүлгэн шилжүүлэх болсон.

Тухайлбал Dell, Google, Microsoft, Apple зэрэг томоохон компаниуд бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнийхээ зарим хэсгийг Вьетнам руу шилжүүлсэн юм.

АНУ-ын засаг захиргаа бас Вьетнамыг зэр зэвсэг, батлан хамгаалах техник хэрэгслийн чухал зах зээл хэмээн үзэж, уламжлалт түнш ОХУ-аас хамаарах хамаарлыг нь багасгах сонирхолтой байна.

Хятад улсаас өндөр технологио тусгаарлах бодлого барьж буй Вашингтон мөн Вьетнамыг дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн сүлжээний нэг хэсэг болгохыг эрмэлзэж байгаа юм.

Ханой хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Байден түүний засаг захиргааны бодлого Хятадыг доройтуулах, тусгаарлах зорилгогүй, харин олон улсын дүрэм журмын тогтвортой байдлыг хангах зорилготойг тайлбарлажээ.

“Би Хятад улс эдийн засгийн амжилтад хүрэхийг харах хүсэлтэй. Гэхдээ олон улсын дүрэм журмын дагуу” гэж тэр хэлсэн байна.

“Вашингтоны бодлого ийм хурдан амжилтад хүрэхийг Бээжин төсөөлөөгүй байж магадгүй. Вашингтон үүнийгээ Хүйтэн дайны цаг үед буцаах оролдлого гэж нэрлүүлэхийг хүсэхгүй байна. Үүний оронд либерал ардчилалтай болон тусгаар тогтнол нь эрсдэлд орсон улс орнуудтай ойртон түншлэх бодлого гэж тодорхойлж байгаа юм. Энэхүү хоёрдмол хандлага нь бүс нутгийн орнуудын сонирхлыг ихээр татаж байна” гэж Номхон далайн Форум байгууллагын Энэтхэг-Номхон далайн гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын хөтөлбөрийн захирал, доктор Жон Хэмминг дүгнэжээ.

 

Эх сурвалж: BBC