Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нэрших эрхийг нь "Ачит Ихт" ХХК-д олгосноор Мөсөн өргөө цогцолбор "AIC Steppe Arena" нэртэй болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

"Степпе Арена-Мөсөн өргөө" спортын цогцолбор “AIC STEPPE ARENA” хэмээн нэрээ сольжээ.

Үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр жил болж буй тус байгууллагын “AIC STEPPE ARENA" нэршил нь ямар утгатай талаар холбогдох албаны хүнээс тодрууллаа. 

Тэрбээр "Олон улсад нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборууд нэр хүндтэй бизнесийн компаниудад байгууламжийнхаа нэрийг тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу түрээслүүлдэг. 

Жишээлбэл  Bank of America, PNC Bank, Rio Tinto, Toyota зэрэг компаниуд тухайн улсынхаа хамгийн том арена, спорт цогцолборуудын нэрших эрхийг эдэлдэг. Харин Японд Nissan Yokohama, Германд Allianz Arena, Австралид Marvel гэх мэт.

Энэ нь олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудаар дамжуулан компанийн нийгмийн хариуцлагаа өргөжүүлэхээс гадна зар сурталчилгаа хийж буй хэлбэр юм. 

“Степпе Арена” буюу Мөсөн өргөө нь “Ачит Ихт” ХХК-д нэрших эрх олгосон. Ингэснээр тус компани “AIC Steppe Arena” гэх нэрших эрхийг гурван жилийн хугацаатай эзэмшинэ гэсэн үг.  

Ингэснээр Монголд томоохон хэмжээний үйл ажиллагаа явуулдаг спортын цогцолборын нэрийг бизнесийн байгууллага эзэмшиж буй анхны тохиолдол боллоо. Гурван жилийн дараа “Ачит Ихт” ХХК-ийн нэр эзэмших гэрээ дуусвал өөр компаниуд манай спорт цогцолборт санал тавих боломжтой.

Олон улсын стандартыг хангасан “AIC Степпе Арена” нь өвлийн спортыг хөгжүүлэх, урлаг, соёл, спортын төрөлжсөн тэмцээн уралдаан, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах гэсэн үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй юм. 

“AIC Степпе Арена”-ийн Даваагаас Баасан гарагийн нэг өдрийн түрээс нь 27 сая 500 мянган төгрөг байдаг. Хүмүүс мөсөн талбайд өдөр бүр ирж гулгаж болно. Хүүхдүүд ажлын өдрүүдэд 20 мянган төгрөгөөр, амралтын өдрүүдэд 25 мянган төгрөгөөр нэг цаг гулгах боломжтой. 

Мөн манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ойр орчмын хотхоны хүүхдүүд үнэгүй тоглох боломжтой стандартын шаардлага хангасан сагсан бөмбөгийн 3х3, волейболын хоёр талбай, зүлэг барьж байгуулсан. Үүнийхээ нээлтийг өнөөдөр хийж байгаа. 

“AIC Степпе Арена” нь уран гулгалтын спортыг улсдаа хөгжүүлэхийг зорьдог. Энэ ажлын хүрээнд хоёр жилийн турш уран гулгалтын багш хайж байсан. Манай улсад одоогоор уран гулгалтын мэргэжлийн багш, дасгалжуулагч байхгүй. 

Японы уран гулгалтын хосын төрлийн дасгалжуулагч Утако Вакамацу урилгаар ирж байгаа. Япон багш нь энэ сарын 12-оос эхэлж уран гулгалтын эрчимжүүлсэн хичээл заана. Мөн Японд амьдарч буй н.Марал-Эрдэнэ багш уран гулгалтын хичээл заахаар ирж байгаа" хэмээн ярив. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.