Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6,600, бусад төр захиргааны дөрвөн байгууллагаас 4,000, нийт 10,600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдөр гэр хорооллын 105 хорооны 75,044 айл өрх, 4,144 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлжээ.
Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий компани зөвшөөрөлгүйгээр 30-40 тонн түүхий нүүрс, мөн хороонд байрлах компани зөвшөөрөлгүйгээр 10 тонн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн.
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байранд оршин суух иргэн нь автомашины ажилласан тос масло түлсэн зөрчлийг тус тус илрүүлж, харьяаллын дагуу нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зөрчлийн тухай хуульд 2020 оны нэгдүгээр сард нэмэлт өөрчлөлт оруулж, уг хуулийн 6.24.2-т Агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн, эсхүл нэвтрүүлсэн бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!