Уншиж байна ...
Зураг
Зураг

Татсан тамхи бүр хүний амьдрах хугацааг 20 минутаар богиносгодог гэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Британийн тамхичдын мэдээллийн сан дээр үндэслэн нэгж тамхины хүний амьдралд үзүүлэх нөлөөг судалсан хэсэг эрдэмтдийн ажлын үр дүн Ням гарагт “Addiction” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Нийгэм эдийн засгийн олон хүчин зүйлсийг тооцоолоод нэг ширхэг тамхи эрчүүдийн амьдрах хугацаанаас 17 минут, эмэгтэйчүүдийн амьдрах хугацаанаас 22 минут хороодог болохыг Коллеж Лондон Их сургуулийн эрдэмтэд тооцоолсон байна.

Өдөрт нэг хайрцаг буюу 20 ширхэг тамхи татдаг хүн амьдрах хугацаагаа өдөр бүр долоон цагаар богиносгодог гэсэн үг юм байна.

“Тэдний алдаж буй цаг бол хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх ёстой хугацаа юм” гэж Коллеж Лондон Их сургуулийн архи, тамхины судалгааны группийн ахлагч, доктор Сара Жэксон хэлжээ.

Судалгааг Их Британийн Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамны захиалгаар гүйцэтгэсэн юм байна. Ингэхдээ өмнө нь хэрэгжиж байсан “British Doctors Study” судалгаанаас эрэгтэйчүүдийн нас баралт, “Million Women Study” судалгаанаас эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой цуглуулсан өгөгдлийг авч ашиглажээ.

Ингэхэд амьдралынхаа турш тамхи татсан хүмүүс огт тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад дунджаар 10 жил богино насалдаг гэсэн үр дүн гарсан байна.

АНУ-д явуулсан өөр нэг судалгаа мөн адил 10 жилийн зөрөөг тооцоолж байсан юм.

Британийн эрдэмтдийн судалгаа тамхины хор хөнөөл хуримтлагдаж явсаар хүний ерөнхий наслалтад нөлөөлдгийг харуулсан байна.

Тамхинаас залуудаа гарсан хүмүүсийн наслалт огт татдаггүй хүмүүсийнхтэй ижил түвшинд байжээ. Өөрөөр хэлбэл тамхинаас аль болох эрт гарах тусмаа наслалтад сайнаар нөлөөлдөг юм байна.

“Судалгаанаас харахад бага залуу насандаа буюу 20-30 насандаа тамхинаас гарсан хүмүүсийн дундаж наслалт огт татдаггүй хүмүүсийнхтэй ойролцоо байна. Харин нас ахих тусам алдсан хугацаагаа нөхөн олж авах боломжгүй болж байна. Гэхдээ хэдэн ч насандаа тамхинаас гарсан үргэлжлүүлэн татсанаас илүү урт насална. Алдсан амьдралаа буцаан олж авч чадахгүй ч хорогдлыг нь зогсоож чадах юм” гэж доктор Жэксон тайлбарлажээ.

Шинэ он гарч, хүмүүс оны зорилгоо тодорхойлж байгаа энэ үед Жэксон болон түүний хамтрагчид судалгаандаа нэг жилийн хугацаатай тооцоо гаргаж үзүүлсэн байна.

Тухайлбал өдөр бүр 10 тамхи татдаг хүн нэгдүгээр сарын 1-нээс татахаа зогсооход нэгдүгээр сарын 8-ныг хүртэл бүтэн нэг хоногийн амьдралаа хадгалж үлдэх боломжтой гэнэ.

Энэ мэтээр үргэлжлүүлбэл наймдугаар сарын 5-н гэхэд нэг сар, он дуусахад 50 хоногийн амьдралаа алдахаас сэргийлж чадах ажээ.

“Тамхи татахаа болих нь хүний эрүүл мэндийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн зүйл. Аль болох эрт болих тусмаа урт наслах болно” гэж Жэксон хэлж байна.

1960-аад оноос хойш хүн амын дунд тамхи татах явдал багассаар байгаа ч өнөөдөр АНУ-д жил бүр 480,000 хүн тамхитай холбоотой өвчин эмгэгийн улмаас амиа алддаг.

Харин 40 нас хүрэхээсээ өмнө тамхинаас гарвал ийм төрлийн үхлийн эрсдэлийг 90 орчим хувиар бууруулах боломжтой гэж тус улсын эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг юм байна.

 

Эх сурвалж: CNN