Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА) болон бусад холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан энэ жил цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байгааг тэд хэлсэн юм.
Энэ үеэр зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "2022 оны есдүгээр сард зам тээврийн ослын улмаас орон нутагт зургаан хүүхэд амь насаа алдсан харамсалтай осол гарсан. Тэдгээр хүүхэд тээврийн хэрэгсэл дотор зорчигч хэлбэрээр явах үедээ осолдсон.
Хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас жолооч нарын сахилга бат, дэг журмыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг.
Хамгийн гол нь эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлага чухал. Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс
Улмаар хүүхэд машинд дайруулах, гэмтэх, амь насаа алдах харамсалтай осол урьд урьдын жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" гэдгийг ярилаа.
Үргэлжлүүлэн "Өнгөрсөн оны есдүгээр сард зам тээврийн осолд 86 хүүхэд өртсөн байна. Эдгээр хүүхдийн гэмтлийн зэрэг хүнд, хөнгөн хэлбэртэй. Мөн орон нутагт зорчигч хэлбэрээр зургаан хүүхдийн амь нас хохирсон гэдгийг дээр дурдсан.
Энэ оны эхний долоон сарын байдлаар хүүхэд өртсөн 425 осол бүртгэгдсэн.
Хүүхдийн замын хөдөлгөөнд оролцох дадал, чадвар нь хамгийн бага байдаг. "Гэв гэнэт хүүхэд урдуур гүйгээд ороод ирсэн" гэдэг тайлбар мэдээллийг их өгдөг. Иймд жолооч нар сургууль орчмын бүсэд анхаарал, болгоомжтой явах хэрэгтэй.
Мөн эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг гараас гарт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд ЕБС-иудын нийгмийн ажилтан, сургуулийн удирдлагууд дөрөвлөсөн гэрээ, гэр сургуулийн маршрут, School police зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ үүрэг хариуцлага дээр нэмэгдээд эцэг эхчүүд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай" гэлээ.
Мөн "Энэ хичээлийн шинэ жилээр улсын дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ үед хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн хурд, энгийн өдрүүдээ бодоход нэлээд нэмэгддэг.
Энгийн өдрүүдэд 10-20 километр цагийн хурдтай зорчдог бол улсын дугаарын тэгш, сондгой хуваарилалт хийсэнтэй холбоотойгоор Бага тойруу доторх хөдөлгөөн 40-50 километр цагийн хурдтай болдог.
Хүүхэд багачуудад зам тавьж өгөх, хүүхдийг "гараас гарт дамжуулах" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа" гэдгийг тэрбээр нэмж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!