Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зохисгүй үйлдэл гаргасан Испани улсын хөл бөмбөгийн холбооны тэргүүнд ФИФА сахилгын арга хэмжээ авна

Т.Давааням, ikon.mn
2023 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт болсон эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Испани улсын багийн ялалтаар өндөрлөсөн билээ.

Энэ тоглолтод Английн багийг 1:0 харьцаатай хожсон Испани улс Германы дараа эрэгтэй, эмэгтэй ДАШТ-ий аль аль цомыг өргөсөн дэлхийн хоёр дахь улс болсон юм.

Медаль гардуулах ёслолын үеэр Испанийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луйз Рубиалес шигшээ багийнхаа довтлогч Женни Эрмосогийн уруул дээр чанга үнссэн нь дуулиан дэгдээгээд байгаа.

зураг
 

Түүний энэ гэнэтийн үйлдэл таалагдаагүй тухай Эрмосо сүүлд хэвлэлд ярьсан юм.

Өмнө нь Рубиалес бас тоглолтыг дуусгах шүгэл дуугарсны дараа өөр нэг тоглогчийг тэвэрч өргөөд мөрөн дээрээ тохож байв.

зураг
 

Даваа гарагт Рубиалес хийсэн үйлдэлдээ уучлал гуйсан. Гэвч Испанийн ерөнхий сайд Педро Санчез үүнийг нь “хангалтгүй” гэж мэдэгдсэн бол шадар сайд Йоланда Диаз түүнийг албан тушаалаасаа огцрохыг уриалжээ.

Тэгвэл дэлхийн хөл бөмбөгийн дээд байгууллага ФИФА энэ үйлдэл сахилгын дүрэм зөрчсөн эсэхийг мөрдөн шалгах болсноо өчигдөр мэдэгдсэн байна.

Испанийн эх сурвалжууд Рубиалесыг өнөөдөр буюу Баасан гарагт огцрох шийдвэрээ зарлахаар болсон тухай мэдээлцгээж байна.

“Рубиалес маргааш огцорно. Тэр тамирчид, засгийн газар, ФИФА болон ивээн тэтгэгч байгууллагуудын дэмжлэгийг алдсанаа ойлгосон. Үүний дараа испани хүн бүр яагаад ийм үр дагаварт хүрсэн талаар эргэцүүлэн бодох ёстой болж байна” гэж Испанийн хөл бөмбөгийн шинжээч Гуйем Балаге сошиал хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: BBC