Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нью-Йорк хот хоосорсон оффисын барилгуудаа орон сууц болгон хувиргахаар болов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Цар тахлын дараа зайнаас ажиллах үзэгдэл үргэлжилсэн нь Нью-Йорк хотын оффисын барилгуудыг эзгүйрэхэд хүргэсэн байна.

Үүнтэй холбогдуулан тус хотын захирагч Эрик Адамс эзгүйрсэн барилгуудыг хүртээмжтэй орон сууцны цогцолбор болгон хувиргах төлөвлөгөөгөө саяхан танилцуулжээ.

Тухайлбал өөрийн орон сууцтай болоход санхүүгийн хүндрэлтэй байгаа Нью-Йоркийн 40,000 оршин суугчдад зориулан 20,000 орон сууцыг ийм аргаар бий болгохоор төлөвлөсөн байна.

Захирагч Адамс үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш өссөн энэ хүнд цаг үед нийтэд хүртээмжтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулах $24 тэрбумыг нэгэнт төсөвлөөд байгаа.

Харин оффисын барилгуудыг хувирган өөрчлөхөд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг мужийн хууль тогтоогчдоор нэмж батлуулах ёстой болж байгаа юм байна.

““City of Yes for Housing Opportunity” ерөнхий төлөвлөгөөний хүрээнд барилгаа оффисоос орон сууц болгон хувиргах хүсэлтэй эздэд туслах замаар 20,000 орон сууц шинээр бий болгох үүд хаалга нээгдэж байна” гэж захирагч Адамс мэдэгджээ.

Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хурдасгахад зориулан Нью-Йорк хотын захиргааны салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн “Office Conversation Accelerator” багийг ажиллуулахаар байгуулсан байна.

Энэ нь оффисоо орон сууц болгох хүсэлтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдэд зөвлөгөө туслалцаа үзүүлж, шаардлагатай зөвшөөрлийг олгох гэнэ.

“Нью-Йоркчууд орон сууц хайж байхад оффисын барилгууд хоосон байх утгагүй юм. Оффисын хувиргалтыг дэмжсэнээр хотын бизнесийн бүсүүдийг сэргээж, ажлын байр, нийтийн тээвэрт ойр шинэ орон сууцнуудыг олноор бий болгох боломжтой” гэж тус хотын эдийн засгийн хөгжил, ажиллах хүч хариуцсан дэд захирагч Мариа Торрес-Спрингер хэлжээ.

Meta, Salesforce зэрэг томоохон компаниудын оффисын талбай ашиглалт хангалттай хэмжээнд хүрэхээ больсон нь зайнаас ажиллах горим цар тахлын дараа ч үргэлжилсээр байгаатай холбоотой гэдэг.

2000 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг судалж буй Colliers компаниас гаргасан мэдээллээр Манхэттэн дүүрэг дэх сул оффисын талбайн хэмжээ 2023 оны нэгдүгээр хагаст оргилдоо хүрсэн байна.

Энэ асуудал ганц Нью-Йорк хотод бус, Сан-Франциско, Чикаго зэрэг хотуудад бас тулгараад байгаа.

Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Хороо байгууллагаас саяхан гаргасан тайланд АНУ даяар 400,000 нэгж орон сууц болгон хувиргах боломжтой 2,000 гаруй оффисын барилга байгааг тооцоолжээ.

 

Эх сурвалж: Business Insider