Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа авснаас хойших 1,000 хоногт юу хийснээ Хангарди ордонд тайлагнаж, Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулж байна.
Тэрбээр "Бид эрх зүйн орчноо шинэчилж, зөв зүйтэй болгосноор эдийн засаг, засаглалаа дэмжинэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн эрх зүйн шинэчлэл 70 орчим хувьтай үргэлжилж байгаа. Үүнээс үүдэн эдийн засгийн хөтөлбөрийн асуудал яригдана.
2021 оны тавдугаар сарын 19-ний Засгийн газрын 146 дугаар тогтоолоор нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг 2022-2024 онд 420 тэрбумаас бууруулахгүй байх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргаж байсан. Хотын тулгамдсан асуудлуудыг үе шаттайгаар шийдэхэд төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэг маш чухал" гэдгийг ярилаа.
Үргэлжлүүлэн "Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хөгжлийн судалгааны институц буюу судалгааны төвийг анх удаа хуульдаа оруулсан. Улаанбаатар хотын асуудлын хүрээнд 30 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарч, 16 их, дээд сургууль болон гадаадын таван судалгааны төвтэй манай бодлогын судалгааны институц хамтарч ажиллаж байгаа. Ингэснээр эрдэмтэн, судлаач, шинжээч нарын хийсэн ажлын үр дүнд хотын бодлого гарах юм.
Түүнчлэн төсвийн бус хөрөнгө оруулалтын сантай болох зохицуулалтыг бид онцгой анхаарч байгаа. Хотын эдийн засаг төсвийн хөрөнгө оруулалтаар явж байна. Эдийн засгийн хөтөлбөрийн өнөөгийн нөхцөл байдал бүгд улаан дохиог заасан байна. Энэ бол аюулын дохио гэж ойлгох хэрэгтэй.
Улаанбаатар хотын эдийн засгийн өнөөгийн байдал:
Нийслэлийн нийт төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байж хүн амын орлогын албан татварын даац нэмэгдэнэ гэж ойлгоно.
Татварын бодлогоор буюу татвар нэмэх байдлаар хотын хөгжлийг цааш явуулах юм байна. Татвараа нэмж нийслэлийн төсвийг бүрдүүлэх эсвэл торгуулиа нэмж нийслэлийн төсвийг бүрдүүлэх ийм схемээр манай эдийн засаг явж байгаа. Цаашдаа үүнийг арай өөр арга, аргачлалаар үзүүлэх нь зүйтэй байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!