Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

ИРГЭН: Үерээс хамгаалах мэдлэгтэй болсноор усанд автдаг байдал өөрчлөгдөж гудмаараа нэгдэн орчноо сайжруулдаг болсон

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Байгаль орчин, аялал жуулчлалын яам фэйсбүүк хуудсаас авав

НҮБ-ийн хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрөөс хэрэгжүүлэх "Гэр хорооллын иргэдийн үерийг даван туулах чадавхыг бэхжүүлэх" төслийн эхлэлийн семинар өнөөдөр боллоо. 

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Улаанбаатар хотын үерийн хамгийн эмзэг хэсэг болох гэр хорооллын бүсийн үерийн хамгаалалтыг сайжруулах, оршин суугчдын гамшгийн бэлэн байдал, даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой аж. 

Төслийн хүрээнд СХД-ийн 26, 27, 4, 5 СБД-ийн 15, 16, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Толгойт болон Бэлхийн голын байнгын халиа, тошин, үер усанд өртдөг хэсэгт голын эргийн хамгаалалт барих, моджуулах, үер уснаас сэргийлэх дэд бүтэц барих, иргэдийг чадавхжуулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажлууд хийгдэх юм байна.  

Уг төсөл өмнө нь 2019 оноос энэ он хүртэл Толгойт, Сэлбэ, Улиастай голын сав газарт суурьшсан нийт 10 хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж 4.7 км урт зургаан үерийн далан, суваг 1,133 сайжруулсан жорлон барьж иргэдэд гамшгаас хамгаалах сургалт орж ажилласан байна. 

Төслөөр баригдсан ус зайлуулах суваг 

СБД-ийн 16-р хорооны оршин суугч ахмад настан М.Оюунцэцэг "Манай хорооны нутаг дэвсгэрийн хувьд цэвдэгтэй, булгийн ус задарч орж ирдэг асуудалтай газар байсан. Зун булаг задарч айлууд тэр чигээрээ усанд автдаг, өвөл нь тэр нь хөлдөж айлын байшин дээшээ овойчихдог, пийшингийнх нь доороос ус гарч ирдэг гээд олон асуудалтай байлаа. 

2019 оноос энэ хойш төсөлд хамрагдаж усанд автдаг гудамжнаас зориулалтын хоолой гаргаж айлууд руу урсаж орж ирдэг усыг гол руу оруулдаг голдиролтой болгосон. 

Төслийн багийнхан ганцхан үерийн асуудлыг шийдэж өгөөд зогсохгүй хорооны иргэдэд үерийн үед авах арга хэмжээ, хогоо ангилж хаях, 00 асуудлаа байгальд ээлтэйгээр шийдэх зэрэг олон зүйлсийн талаар сургалт орж мэдээлэл өгсөн" гэв. 

Төслийн хүрээнд айлууд ариун цэврийн байгууламжаа шинэчилсэн байдал

"Өмнө нь мэргэжлийн зөвлөмж байхгүйгээс өөрсдөө хүрзээ бариад янзалдаг ахиад л үер болж усанд автдаг байлаа" 

Төслийн хүрээнд иргэдийг бүлгийн зохион байгуулалтад оруулах замаар үер усны аюулаас хөршүүд болон өөрсдийгөө хамгаалах чадавхыг олгодог байна. 

Энэ талаар үргэлжлүүлэн тэрбээр "Мэдлэг мэдээлэлтэй болсноор бидний хөршийн холбоо сайжирч гудмаараа нэгдээд нэгнийхээ хашааг үерээс хамгаалах, амьдрах орчноо сайжруулах зэрэг зүйлсийг хамтарч хийдэг болсон. Хамтдаа нийлж санаа гаргаж түүнийг нь төслийн багийнхан дэмжиж ажилладаг.

Өмнө нь үер болохоор хорооны оршин суугчид өөрсдөө хүрзээ бариад л орчноо янзалдаг. Мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөө огт байхгүйгээс ахиад л үер болж айлууд усанд автдаг нөхцөл байдалтай байсан. 
Түүнчлэн үер болохоор 00 урсаж хашаа, гудам тэр чигтээ бохирддог байсан асуудлыг био 00-оор шийдсэн. Мөн айл болгон өөрсдийнхөө хашаанд хогоо ялгаж хаядаг хэвшилтэй болсон" гэв.