Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг хэмээх газар "Айраг фестиваль-2023" наадам 14 дэх удаагаа наймдугаар сарын 11-13-нд зохион байгуулагджээ. Гурван өдөр үргэлжилсэн наадмын үеэр хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваа, хамгийн сайхан айраг шалгаруулах тэмцээн болсон байна.
"Айраг фестиваль-2023" наадамд улс, аймгийн алдар цолтой 64 бөх хүч үзсэнээс Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат Э.Сумъяабат үзүүрлэжээ.
Харин хамгийн сайхан айргаар Баян-Агт сумын дөрөвдүгээр багийн малчин Д.Гямцийн айраг шалгарсан болохыг Булган аймгийн ЗДТГ цахим хуудсаараа мэдээлсэн байна.
Наадмын үеэр тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц Анандбазарын санаачилга, санхүүжилтээр Орхон сумын нутаг Өрмийн цагаан нуурын зүүн талд айргийн гэрэлт хөшөөг босгожээ. Уг хөшөөний газрыг Наро Банчэн гэгээнтэн сонгож, аравнайлсан аж.
Айргийн баярыг Булган аймгийн ЗДТГ-аас зохион байгуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!