Авлигатай Тэмцэх Газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж найман хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.
"Нийтийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх товч мэдээллийг олон нийтэд хүргэж байна" гэв.
- Иргэн “Д” нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтанд хахууль өгөхийг завдсан гэх;
- БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид иргэн “А”, “Э” нар нь хахууль өгөхийг завдсан гэх;
- Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулах “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтан “А” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан нөхөрлөлийн хөрөнгийг дур мэдэн зүй бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон мөн бусдад хахууль өгөхийг завдсан гэх;
- “Э” нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй, тус сумын Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх хууль бус захирамж гаргаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэд захирал “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий ААН-үүдийн тээврийн хэрэгслийг журамд заасны дагуу үзлэгт оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт орсон мэтээр хуурамч мэдээлэл оруулсан гэх;
- “Г” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа бусдад хууль бус давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан гэх;
- Дундговь аймгийн Баянжаргал сумын Засаг дарга “Ц” Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан гэх;
Тус газрын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 820 хэрэг шалгагдаж байгаа юм байна.