Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн сансрын хөлөг сарны гадаргын зургийг буулгаснаа дэлхийд ирүүлсэн байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт сарны тойрог замд орсон Чандраяан-3 хөлөг буулгасан эхний гэрэл зургуудаа дэлхийд илрүүлснийг Энэтхэгийн эрх баригчид өчигдөр нийтэд үзүүлжээ.

Чандраяан хөлгийн тээвэрлэж буй газардагч станц болон өөрөө явагч робот наймдугаар сарын 23-ны өдөр сарны гадаргуу дээр буух төлөвлөгөөтэй байгаа юм.

Хэрвээ амжилттай болбол Энэтхэг улс нь сарны өмнөд туйлд судалгааны станцаа газардуулсан дэлхийн анхны улс болно.

Бас АНУ, Зөвлөлт Холбоот Улс, Хятадын дараа саран дээр буусан дөрөв дэх улс болох юм.

Чандраяан хөлгийн бүх зүйл хэвийн ажиллаж байгааг Энэтхэгийн албаныхан өчигдөр мэдээлжээ.

Тус улс 2008 онд анх удаа дэлхийн дагуул руу Чандраяан-1 хөлгийг илгээсэн нь сарны тойрог замд судалгааны ажил гүйцэтгэж байсан юм.

2019 онд илгээсэн Чандраяан-2 хөлөг сарны гадаргуу дээр станц буулгах оролдлого гүйцэтгэсэн нь амжилтгүй болж байжээ. Уг хөлөг одоо болтол сарны тойрог замд ажиллаж, судалгааны мэдээлэл дамжуулсаар байгаа юм.

Өмнөх алдаанаасаа суралцсан Энэтхэгийн эрдэмтэд энэ удаа $75 саяын өртгөөр бүтсэн, 3,900 кг жинтэй Чандраяан-3 хөлгийн станцыг саран дээр буулгахаар ажиллаж байна.

Газардагч станц Викрам нь дангаараа 1,500 кг жинтэй бөгөөд дотроо 26 кг жинтэй өөрөө явагч роботыг агуулж байгаа юм. Уг роботыг Прагяан гэж нэрлэсэн нь санскрит хэлээр “мэргэн ухаан” гэсэн утгатай үг ажээ.

Одоо Чандраяан-3 хөлөг хурдаа аажмаар сааруулж, Викрам станцыг зөөлөн буулгах нөхцөлийг бүрдүүлэх ёстой юм. Викрам газардсаныхаа дараа Прагяан роботыг сарны хөрсөн дээр гаргаж тавьснаар судалгааны ажлууд эхэлнэ.

Нарны гэрэл тусдаггүй өмнөд туйл нь сарны хамгийн бага судлагдсан хэсэг юм.

 

Эх сурвалж: BBC