Улаанбаатар хотод нэг шинэ сургууль, цэцэрлэгийн барилга нэмэгдэж байна.
Тодруулбал Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 22 дугаар цэцэрлэгийн төв салбарт хоёр давхар өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус цэцэрлэгийн төв салбар нь одоогоор 14 бүлэгт 670 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Өргөтгөл ашиглалтад орсноор зургаан бүлэгт 200 хүүхэд нэмж суралцах боломжтой болж байгаа юм байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Эн Эй Пи Групп” ХХК, ерөнхий гүйцэтгэлийг “Солармед Монгол” ХХК хийжээ.
Шинэ сургуулийн тухайд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай барилга ашиглалтад орсон байна.
Сургуулийн барилга нь дөрвөн блокоос бүрдэх бөгөөд А блок нь 4 давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, С блок нь 3 давхар, D блок нь 1 давхартай.
Сургуулийн шинэ барилгын зураг төслийг "Криетив монголиа" ХХК боловсруулж, барилга угсралтын ажил "Би Энд Би Констракшн" ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!