ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийг хүртэл дэлхий дээр амьдарч байсан амьтдын хамгийн хүнд нь болох эрт галавын халимыг эрдэмтэд илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Перу улсын нутаг дэвсгэрээс 40 орчим сая жилийн настай аварга халимын араг ясны үлдэгдлийг эрдэмтэд илрүүлсэн нь өнөөдрийг хүртэл манай дэлхий дээр амьдарч байсан амьтдын хамгийн хүнд жинтэй нь болж магадгүй байна.

Үүнээс өмнө орчин үеийн хөх халимыг бүх цаг үеийн хамгийн хүнд амьтанд тооцож байжээ.

Перу улсын цөлөөс олдсон яс уг амьтны биеийн жин дунджаар 180 тонн байсныг баталж байгааг олон улсын эрдэмтдийн баг өчигдөр Nature шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлсэн байна.

Гиннесийн номд бүртгэгдсэн хамгийн том хөх халимын жин 190 тонн байдаг.

Гэхдээ эрт галавын халимын жинг эрдэмтэд 85-аас 340 тонны хооронд хэлбэлзэж байсан гэж дүгнэжээ.

зураг
 

Палеонтологич Марио Урбина олон жил Перугийн өмнөд эргийн элсэн цөлд хайгуул хийсний эцэст 2010 онд халимын эхний үлдэгдлийг илрүүлсэн байна.

Энэ газраас үргэлжлүүлж хайсан эрдэмтэд нийтдээ 13 ширхэг ясны үлдэгдэл илрүүлжээ. Тэдгээрийн зөвхөн нэг нь 200 кг жин татаж байв.

Яг юу олсноо ойлгохын тулд Перу болон Европын палеонтологичид дахин хэдэн жилийн турш ажилласан байна.

зураг
 

Ингээд тэд “cetaceans” аймагт багтах “basilosaurid” хэмээх устаж үгүй болсон эртний халимын шинэ төрөл зүйлийг нээснээ өчигдөр зарлажээ.

“Cetaceans” аймгийн амьтдаас өнөөдөр үлдсэн нь далайн гахай, халим юм.

Энэ аймгийн амьтдын эртний өвөг нь хуурай газарт амьдардаг байжээ. Хувьслын явцад сүүлд усанд амьдрах болсон ба “basilosaurid” нь дан усанд амьдрах болсон анхны “cetaceans” юм байна.

Амьдрах орчин нь өөрчлөгдсөний үр дүнд уг амьтны биеийн хэмжээ асар том болж байжээ. Гэхдээ 30 орчим сая жилийн өмнө биеийн хэмжээ нь оргилдоо хүрээд буцан жижгэрч эхэлсэн байна.

Энэ амьтны бүрэн араг ясны жин 5-7 тонн болох тооцоог гаргажээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хөх халимын бүрэн араг яснаас хоёр дахин хүнд гэсэн үг юм.

“Энэ бол өнөөдрийг хүртэл дэлхий дээр амьдарч байсан бүх хөхтөн болон далайн амьтны хамгийн хүнд араг ёс гэдэг нь тодорхой байна” гэж судалгаанд оролцсон Герман улсын Штутгарт хот дахь Байгалийн Түүхийн Үндэсний Музейн палеонтологич Эли Амсон ярьж байна.

Ийм хүнд жинтэй амьтан усны гүнд шумбах боломжгүй тул эрэг хавийн гүехэн усанд амьдардаг байсан гэж эрдэмтэд дүгнэжээ.

Гэхдээ ясны нягтрал болон өөх тосны зөв тэнцвэр нь энэ амьтныг усны 10 хүртэл метрийн гүнд шумбах боломж олгодог байсан гэж үзэж байна.

Эртний аварга халимын олдворыг Перу улсын нийслэл Лима хотын Байгалийн Түүхийн Музейд байрлуулжээ.

 

Эх сурвалж: AFP