ОХУ-ын парламентын доод танхим буюу төрийн Дум өчигдөр хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарыг 27-оос 30 болгон ахиулах хуулийн төслийг хэлэлцэж, дэмжжээ.
Украинаас эзлэн авсан нутаг дэвсгэрээ хамгаалахад Оросын эрх баригчдад цэргийн хүчний нэмэлт нөөц шаардлагатай байгаатай энэ нь холбоотой бололтой.
Томоохон дайнд бэлдэх зорилгоор ийм хууль санаачилснаа Думын батлан хамгаалахын байнгын хорооны дарга Андрей Картаполов өчигдөр хууль тогтоогчдод тайлбарлажээ.
“Томоохон дайны утаа хэдийнээ үнэртээд эхэлсэн” гэж хэлсэн тэрбээр өнөөдөр Орост хэтэрхий олон хүн цэргийн хугацаат албанаас зайлсхийх боломжтой байгааг шүүмжилсэн байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Оросын эрх баригчид 300,000 бэлтгэл хүчээ цэрэгт дайчилсан ба үүний улмаас олон арван мянган эрчүүд эх орноосоо дүрвэж байв.
Өнгөрсөн долоо хоногт гаргасан өөр нэг шийдвэрээр цэргийн бэлтгэл үүрэгтний насны дээд хязгаарыг 55 болгон нэмэгдүүлсэн юм.
Төрийн Дум гурав дахь хэлэлцүүлгээрээ дэмжсэн хуулийн төслийг одоо ерөнхийлөгч Владимир Путин батлах юм.
Батлагдсан тохиолдолд шинэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
ОХУ-ын батлан хамгаалах яам хуулийн төслийг анх өргөн барихдаа хугацаат цэргийн алба хаах насны хязгаар одоо 18-27 байгааг 21-30 болгон өөрчлөх саналтай байсан юм. Харин Дум хэлэлцэхдээ доод хязгаарыг нь 18 хэвээр үлдээж, дээд хязгаарыг нь 30 болгон ахиулжээ.
“Хүн ам зүйн нөхцөл байдал ноцтой түвшинд хүрч, дайчилгааны нөөцийн хэмжээнд нөлөөлж буй тул хуулийн төслийн найруулга өөрчлөгдсөн. Олон залуус 18 наснаасаа алба хаахыг хүсэж байна” гэж Картаполов хэвлэлд ярьсан байна.
Шинэ хуулийн дагуу цэргийн зарлан дуудах хуудас хүлээж авсан өдрөөс хойш залууст хилийн хориг үйлчлэхээр болжээ.
Энэ оны дөрөвдүгээр сард зарлан дуудах системийг онлайн болгосноор хүлээж авахаас зайлсхийх боломжгүй болсон юм.
Зарлан дуудах хуудас аваад цэрэг татлагын байранд ирээгүй бол 30,000 рубль ($332) хүртэл торгуулиар шийтгэх болсон нь өмнөхөөсөө арав дахин өссөн хэмжээ болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!