Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Улаанхүү: Төрийнхөө наадамд үрээ түрүүлгэлээ. Ард түмэн маань моринд хайртай гэдгээ харуулсан

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, унаач хүүхдүүдэд бэлэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Шүдлэн насны морьдын уралдаанд хар үрээгээ түрүүлгэсэн Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүг Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олон баяр хүргэн угтаж авав.

Анх морь бариачийн алдааны улмаас түүний уясан хүлгийг аман хүзүүнд орсон хэмээн тооцсон ч дараа өдөр нь Хурдан морины салбар хороо энэ асуудлаар хуралдаж, түрүү магнайд хурдалсан хэмээн үзсэн юм. 

Төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлж, цолоо дуудуулсных нь дараа Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн сэтгэгдлийг хуваалцлаа.

Тэрбээр "Төрийнхөө наадамд үрээ түрүүлгэлээ. Ард түмэн маань моринд хайртай гэдгээ харууллаа. Хар үрээ маань түрүүллээ, баяртай байна. Уяач хүний хувьд үүнээс илүү баяр гэж юу байх вэ. Морио барианд орохыг хүлээх мөчийг үгээр хэлэмгүй, хамаг юм дээд цэгтээ л хүрчихсэн байсан. Хар үрээгээ зурхай дээгүүр давуулаад харж чадаагүй морины хашаа руу давхиад явчихсан. Хөндийрчихсөн байсан ч зэрэгцээд явж байгааг өөрөө хараагүй.

Морио түрүүлгээд, ард түмнийхээ өмнө Төв цэнгэлдэхэд орж ирэхэд өөр мэдрэмж авдаг юм байна. Тухайн үед надад морио айрагдуулсан нь л сайхан санагдаж байлаа.

Дөрвөн сайхан аав ээж, хань, ах дүү нартаа бүгдэд нь маш их баярлаж явдгаа хэлье. Та бүхэндээ Төв цэнгэлдэхийн торгон ногоон дэвжээнээс баяр наадмын мэнд дэвшүүлье" хэмээв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав