Аялал, амралтын улирал эхэлж байгаатай холбоотойгоор шингэн хүнс үйлдвэрлэлийн зах зээлд анхдагч Вояж брэндийн бизнес модель болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар “Эм Жи Эл Акуа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Дөлгөөнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
- Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулбал?
Сайн байна уу, Намайг Төмөрбатын Дөлгөөн гэдэг. Бизнес удирдлагын чиглэлээр мэргэшсэн, магистр зэрэгтэй, шингэн хүнс үйлдвэрлэлийн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. 2021 оноос хойш "Эм Жи Эл Акуа” ХХК буюу та бүхний сайн мэдэх Вояж гүний цэвэр усыг үйлдвэрлэдэг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
- Шүүсэн ус бол амьгүй ус, байгалийн ус л зөвхөн эрдэстэй ус гэх ойлголт нийтийн дунд байх шиг байна. Энэ талаар яриагаа эхлүүлье.
Газрын гүнээс гарч байгаа ус тухайн бүс нутаг, усны ундарга, байгалийн тогтоц зэргээс шалтгаалан янз бүрийн бүтэцтэй, харилцан адилгүй эрдсийн агууламжтай байдаг. Түүнийг цэвэр ус үйлдвэрлэгчид тусгай үйлдвэрлэлийн зориулалтын шүүлтүүрийн системээр шүүн цэвэршүүлж, эрдсийг тэнцвэржүүлэн Монгол Улсын “Савласан цэвэр усны стандарт” MNS5007:2007-д нийцүүлэн савлаж хэрэглэгчдэд хүргэдэг. Савласан цэвэр ус нь хүний биед аль нэг эрдсийг нөхөх биш зөвхөн амны цангааг тайлах, биеийн усны дутагдлыг нөхөх зориулалттай буюу бүх хүнд зориулагдсан байдаг.
Гүний усыг үйлдвэрлэлийн аргаар цэвэршүүлэн савлаж байна гэдэг нь амьгүй болгож байгаа зүйл огт биш бөгөөд усны үндсэн шинж чанар огтоосоо өөрчлөгдөхгүй. Харин эсрэгээрээ ашигтай, ашиггүй бактери үржих боломжгүй болгон ариутган савладаг. Энэ нь их хотын соёлтой иргэд хүссэн газраа гүний цэнгэг усыг авч явах, хүртэх боломжийг бий болгож байгаа юм.
- Хүний биед эрдэс дутагдах талаар их яригдах боллоо. Эрдсийн дутагдлыг эрдэстэй ус ууснаар нөхөх боломжтой юу?
Эрдэстэй эсвэл эрдэсжүүлсэн гэдэг ойлголтын талаар эхлээд товчхон мэдээлэл өгье. Ус нь байгалийн гүнээс гарахдаа өөртөө тодорхой хэмжээний байгалийн эрдэс, элементүүдийг агуулсан байдаг. Зарим тохиолдолд хэрэгтэй эрдсүүдийг зохиомлоор нэмж эрдэсжүүлэх нь бий. Вояж усны хувьд 120 метрийн гүн дэх цэвэр ус, рашааны судлаас эх татдаг ба кальц/Са/, Кали/К/, Магни/ Mg/, Зэс /Cu/ зэрэг элемент, нэгдлүүдийг түлхүү агуулсан байдаг. Эдгээр элементүүдийн нэгдэл нь хүний биед ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих ач тустай.
Харин нэмэлтээр эрдэсжүүлсэн болон байгалийн эрдэст уснууд нь “Савласан эрдэст ус”-ны ангилалд ордог бөгөөд тухайн эрдсүүд дутагдсан хүмүүст тухайлан зориулсан гэж хэлж болно. Тэгэхээр та өөрийн биед ямар эрдсийн дутагдал байгааг мэддэг бол тухайн эрдсийг агуулсан усыг сонгон, тогтмол хэрэглэснээр, өдөрт авах шаардлагатай эрдсийн агууламжаа авах бүрэн боломжтой. Хэрэв мэдэхгүй бол энгийн цэвэр ус хэрэглэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл хүн бүр хужир, кальц, цайрын дутагдалтай байна гэж байхгүй, зарим хүнд бүр илүүдэлтэй байж болох юм. Түүнээс гадна нэгэнт дутагдлын түвшинд очсон бол зөвхөн усаар нөхөх бус эрүүл мэндийн салбарт хандах нь илүү үр дүнтэй.
- Сүүлийн үед pH-ийн тэнцвэртэй ус ихээр хэрэглэгдэж “тренд” болох боллоо. Энэ усны талаар тодорхой мэдээлэл өгвөл?
Юуны өмнө нь pH гэдэг нь юуг илэрхийлээд байгаа талаар энгийнээр тайлбарлая. pH нь “pondus Hydrogenii” гэсэн үгийн товчлол бөгөөд pH-ийн хэмжээгээр шингэн зүйлсэд агуулагдах ус төрөгчийн ионы хэмжээг 0-14 хооронд илэрхийлдэг. Энгийнээр бол усан суурьтай зүйлсийн орчны шинж чанарыг хэлээд байгаа юм.
Тэдгээрийн орчин нь хүчиллэг, саармаг, шүлтлэг гэж байдаг. Жишээ нь: нимбэг pH2, улаан лооль pH4, хар кофе pH5, сүү pH6, савласан цэвэр ус pH7, өндөг pH9, ходоодны эмийнх pH10 гэх мэт байдаг. Бидний биед хамгийн тохиромжтой орчин бол аль нэг тал давамгайлсан биш СААРМАГ орчин юм. Хүний биеийн орчин хэт хүчиллэг болбол амархан ядрах, энергийн түвшин багасах, биеийн эсэргүүцэл сулрах шинж тэмдгүүд илэрдэг бол хэт шүлтлэг орчин бий болбол бие хүндрэх, цусны эргэлт удаашрах, ясны шохойжилт үүсэх зэрэг нөхцөл бий болдог.
Хэрэв таны биеийн орчин хэт хүчиллэг бол та шүлтлэг хүнс, шүлтлэг ус давамгай хэрэглэж болно, харин хэвийн бол энгийн цэвэр ус хэрэглэнэ. Тэгэхээр бид трендийг дуурайж аль нэг зүйл рүү хошуурах биш өөрийн биеийн орчин, онцлогт тохируулан хүнсээ сонгож хэрэглэх ёстой гэсэн үг юм. Бид үндэсний хамгийн том ус үйлдвэрлэгчийн хувьд хэрэглэгчдийнхээ сонголтод зориулан нэр төрлөө нэмж, байгалийн хужраар эрдэсжүүлэн, савласан шүлтлэг усыг(pH8.5) энэ онд худалдаанд гаргасан. Ингэхдээ насанд хүрсэн хүний өдөрт авбал зохих хэмжээний буюу 500мл-ийн савлагаатайгаар хэрэглэгчдийн гарт хүргэж байна.
- Монголчууд эмнэх, эмчлэх шинж, чанартай усыг “рашаан” гэж нэрлэдэг. Мөн бид бүхний дунд танигдсан олон рашаан байдгийн нэгт зүй ёсоор бумбатын рашаан орж байдаг. Харин Вояж усыг бумбатын рашааны судлаас авдаг гэсэн мэдээллийг авсан юм. Энэ талаар та тайлбарлавал.
Эрт дээр үеэс Монголчууд бид газрын гүний эрдсийг шингээсэн өвчин эмгэгийг илааршуулахад тустай байгалийн ундарга усыг Рашаан гэж нэрлэж ирсэн. Бумбатын рашааныг дотор эрхтэн тэр дундаа уушги, бөөр, ходоодыг анагаах шидтэй гэж тухайн бүс нутгийн хөгшчүүл, хууччуул үе дамжин ярьцгаадаг. Энгийнээр бол байгалийн өвөрмөц зүй тогтоц бүхий ус сайтай газрын тухай ойлголт юм.
Вояж нь Монголын хамгийн анхны цэвэр усны брэнд бөгөөд тэртээ 22 жилийн өмнө Улаанбаатар хот дах хамгийн сайн устай, хамгийн баян ундаргатай газрыг илрүүлэн, Бумбатын рашаанаас 7км зайд судал даган үйлдвэрийнхээ шавыг тавьж байсан түүхтэй. Энэ ч утгаараа рашааны судлаас ундарга авсан, гүний эрдэст ус гэх ойлголт нийтийн дунд тийм түгээмэл биш ч гэсэн хаа нэг дурдагддаг л юм. Манай компанийн үйлдвэр баруун салааны эцэст байршдаг. Тус хэсгийн иргэд энэ талаар ярих, мэдэх нь элбэг байдаг гэх үү дээ.
- Вояж бол Монголдоо хамгийн их танигдсан цэвэр уснуудын нэг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ бид вояжийн сурталчилгааг тэр болгон хараад байдаггүйг хэлэх нь зөв байх. Хэрхэн бид бүхэнд ингэж хоногшсон нь сонирхолтой байна л даа.
Бид зах зээлд Cost leadership (үнээр манлайлах) стратеги барин ажилладаг. Энэ нь хамгийн бага өртөг(үйлдвэрлэл, савлагаа, маркетинг, түгээлт) шингээсэн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүргэх явдал юм. “Эм Жи Эл акуа” ХХК "Voyage” брэндийг сүүлийн 8 жилийн хугацаанд хөгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд бид үйлдвэрлэл, технологийн бүрэн шинэчлэл хийж олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт (FSSC 22000) нэвтрүүлсэн, Монголын хамгийн том цэвэр усны дагнасан үйлдвэр болоод байна. Бүтээгдэхүүний чанар бол бидний бизнесийн амин зүрх юм. Бид хэрэглэгчдэдээ чанарыг хүргэхийг зорьдог.
"Хэрэглэгчдэдээ маркетингийн зардал уулгах биш зөвхөн саван доторх гүний цэвэр усыг худалдан авч цангаагаа тайлах боломжийг олгох нь бидний бизнесийн үнэ цэн юм.”
Магадгүй энэхүү стратеги, бизнес модель маань 22 жилийн туршид өөрчлөгдөлгүй, тууштай, тасралтгүй хэрэгжсэнээр, хэдийнээ байнгын хэрэглэгч, бизнесийн түншүүдтэй болж, брэндийн хоногшилт сайн хийгдсэн юм болов уу гэж боддог.
Хүнсний бүтээгдэхүүнд савлалт, хадгалалт бол маш чухал байдаг. Хэдий чанартай, хүний биед шим тэжээлтэй ус байсан ч хуванцар саванд байгаа ус урвалд ордог гэх асуудал бид бүхний дунд байдаг. Энэ талаар та тайлбарлавал.
Дэлхий нийтээр хүнсний бүтээгдэхүүний савлагаанд хуванцар сав баглаа боодлыг ашиглах нь одоогоор түгээмэл шийдэл байсаар байна. Харин үйлдвэрлэгчдийн хувьд зориулалтын дагуу чанартай түүхий эдээр хийсэн баглаа боодол ашиглах, грамм хөнгөрүүлэх зэрэг нь байгальд ээлтэй бизнесийн үнэ цэнийг тодорхойлж байна. Бидний хувьд хүнсний зориулалттай 1 номерын “PETE” тэмдэглэгээтэй нэг удаагийн хуванцар сав баглаа боодол ашигладаг. Манай компани “Eco friendly” стратегийнхаа хүрээнд сав, баглаа, боодлоо байгальд хамгийн ээлтэй байлгах тал дээр олон улсын сайн туршлага, технологи, шийдлийг тасралтгүй нэвтрүүлэн, сайжруулан ажилладаг.
Манай бүтээгдэхүүнүүдийн хуванцар сав нь ижил төрлийн савлагаатай бүтээгдэхүүнүүдээс хамгийн хөнгөн жинтэй, шошго хамгийн бага будаг орсон, бөглөө хөнгөн, тунгалаг мөн бүтээгдэхүүний дэржгэр савлагаа нь хамгийн их даац даадаг бөгөөд байгальд хамгийн хурдан задардаг савлагаа юм. Бид цаашид хуванцар савны граммыг шат дараатайгаар хөнгөрүүлэхээс гадна 2028 он гэхэд бүтээгдэхүүний баглаа боодолд 90% хүртэл дахин боловсруулсан түүхий эд ашиглахаар зорин ажиллаж байна.
- Дэлхий дахинд савласан ус төвлөрсөн хангамжийн уснаас дунджаар 2000 дахин үнэтэй байдаг гэсэн судалгаа байдаг. Монгол Улсын хувьд ч ялгаагүй, хагас литр савласан цэвэр ус нэг тонн усны үнэтэй дүйцэж байна. Бид үнэхээр төлж буй үнийн дүндээ дүйцэхүйц үнэ цэн авч чаддаг уу?
Олон улсад савласан цэвэр ус тэр дундаа газрын гүний цэвэр усыг шууд татан авч цэвэршүүлэн, савласан уснууд илүү үнэтэй байдаг. Учир нь ус гэдэг өөрөө байгалийн амьд биет бөгөөд төвлөрсөн шугам хоолойд удаан хадгалагдах, олон жил ашигласан шугам хоолойгоор дамжих, зориулалтын бус саваар тээвэрлэх зэргээс шалтгаалан шинж чанарт өөрчлөлт орох боломжтой. Энгийн жишээ татвал, бид зайсангийн ус муу, хатуулаг ихтэй гэж ярьдаг. Энэ нь олон жил шинэчлэл хийгдээгүй шугам хоолойгоор дамжиж бидний хэрэглээнд ирдгийнх. Тиймээс үйлдвэрийн аргаар цэвэршүүлэн, ариутган зориулалтын савлагаатайгаар хүн бүрийн харилцан адилгүй хэрэгцээнд нийцүүлэн хүргэж буй савласан цэвэр ус бол яах аргагүй бидний ухаалаг сонголт мөн.
Харин ямар үйлдвэрт, ямар стандартаар, хэр баталгаатай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бэ, гэдэг нь маш чухал. Хаана, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, халууны улиралд гарч ирдэг, хаяг шошго үл танигдах уснууд хэрхэвч хэрэглэгчийн сонголт болох ёсгүй. Ус бол стратегийн хүнс юм. Хүнс эрүүл бол хүн эрүүл.
- Баярлалаа. Энд хүрээд бидний ярилцлага маань өндөрлөж байна. Танд уншигчдад маань хандаж хэлэх зөвлөгөө, мэдээлэл байвал?
Тэгэлгүй яах вэ, Тус салбарт 10 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа мэргэжилтний зүгээс маш товчхон нэг ойлголт, зөвлөгөөг хүргэе.
Та болон таны хайртай хүмүүс цангаагаа тайлахын тулд ус уумаар байгаа бол шугам хоолойд удаан хадгалагдаагүй, хол газраас тээвэр шингэж ирээгүй, газрын гүний ундаргаас шууд татан савлан цэвэршүүлсэн эх орны баталгаатай хүнс үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг сонгоорой. Бид савлагааг, сурталчилгааг биш саван доторх ЦЭНХЭР АЛТЫГ л хүртэх гэж савласан цэвэр усыг хэрэглэдэг гэдгийг битгий мартаарай гэж хэлье, Баярлалаа.