Баасан гарагийн арилжааг Apple компанийн хувьцааны ханш өсөлттэй хааснаар зах зээлийн үнэлгээ нь $3 их наядыг давжээ.
Тухайлбал тус компанийн нэгж хувьцааны ханш $193.97 хүрч хаагдсан байна. Үүнийг хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй 15.79 тэрбум ширхэг хувьцаагаар нь үржүүлэхэд гурван их наядыг давжээ.
Түүхэнд гурван их наядын босгыг давсан АНУ-ын анхны компани Apple болж байгаа юм.
Ингэснээр Apple компанийн зах зээлийн үнэлгээ Франц улсын нэг жилийн үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээг давж байна.
Apple компанийн үнэлгээ өмнө нь 2022 оны нэгдүгээр сард хэсэгхэн хугацаанд энэ босгыг даваад буцаж байжээ.
Энэ оны эхнээс Apple-ийн хувьцааны ханш 46 хувиар өсөөд байгаа.
1976 онд байгуулагдсан тус компани 2018 онд нэг их наядын үнэлгээнд хүрч байв. Дараа нь 2020 онд хоёр их наядыг давсан бол ийнхүү гурван жилийн дараа гурван их наядад хүрч байна.
Зах зээлийн шинжээчид Apple компанийн үнэлгээ 2025 онд дөрвөн их наядад хүрэх тооцоог гаргажээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
|