Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градусаас дээш гарч хална

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зургаадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар агаарын температур өдөртөө +30 градусаас дээш гарч халж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Баруун аймгуудын нутгаар агаарын температурын үнэмлэхүй их утгууд эвдэгдэн халж байна. Энэ нь тухайн суманд ажиглалт хийж эхэлснээс хойших тухайн өдрийн хамгийн дулаан байсан температурын утгаас давж халсан гэсэн үг юм. Тухайлбал Увс аймгийн Улаангом суманд зургаадугаар сарын 8 -ны өдөр +31.7 хүрч халж байсан бол их утга эвдэгдэн +34 градус, Завхан суманд +32.7 градус байсан бол +35 градус, Тэс суманд +33.4 градус байдаг байсан бол +36 градус хүрч халжээ.

Дээрх халалт ойрын хоёр хоногтоо баруун аймгуудын нутгаар үргэлжлэх бол зургаадугаар сарын 11-нээс эхлэн ихэнх нутгийг хамарч халах төлөв гарчээ.

зураг
 

Зургаадугаар сарын 8-9-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарыг харвал:

Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Дорнодын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4...+9 градус, Алтайн өвөрговиор +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +19...+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.