Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн зуны спортын долдугаар их наадам энэ сарын 19-29-нд Баянхонгор аймагт зохион байгуулагдана

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн зуны спортын долдугаар их наадам Баянхонгор аймагт энэ сарын 19-29-нд зохион байгуулагдана. 

Тус их наадам чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3x3, уран сайхны гимнастик, хөл бөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самба бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, ганд бол, таеквондо, спорт бүжиг гэсэн 23 төрлөөр 14 заал танхим, талбайд болох юм. 

21 аймаг, есөн дүүргийн 14-18 насны 7,000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгааг тэмцээн зохион байгуулагчид гаргажээ. Манай улсын нэн ховор амьтан Мазаалайг тэмцээний бэлгэдлээр сонгосон бөгөөд хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм байна. 

Хүүхдийн зуны спортын долдугаар их наадмын зохион байгуулалтын мэдээллийг Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан Спортын төв ордонд өнөөдөр өглөө.

"Хүүхдийн зуны спортын их наадамд ирж буй хүүхдүүдийн байр хоолны мөнгийг хэмнэх үүднээс ₮8,000, ₮15,000, ₮25,000 багц гаргасан"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Манай аймаг хүүхдийн зуны спортын долдугаар наадмыг зохион байгуулснаар хүүхдийн хөгжил болон бусад орон нутагт чухал нөлөө үзүүлнэ хэмээн харж байгаа. Тэмцээн зохион байгуулахад эрүүл хоол, аюулгүй орчин чухал байдаг. 

Тэмцээн 10 хоногийн хугацаанд болох учир хүүхдүүдийн орон байр болон хоолыг таван сургууль, 16 цэцэрлэгт хуваарилж өгсөн байгаа. Манай аймгийн сургууль цэцэрлэгүүд нь стандартын хоол, орон байртай. Тэмцээнд ирж буй хүүхдүүдийн байр хоолны зардлыг тухайн аймгийн Засаг дарга нар хариуцдаг. Тиймээс нэг хүүхдэд зориулсан багц гаргаж аймаг бүрд санал болгож байгаа.

Жишээлбэл нэг хүүхэд дотуур байрны хоногийн мөнгө нь 8,000 төгрөг, өглөөний цай нэг хоолтой бол 15,000 төгрөг, өдрийн гурван хоол, байртайгаа нийлээд 25,000 төгрөг гэсэн багцыг гаргасан. Үүнээс тухайн аймаг нь сонгоод хүүхдүүдээ байршуулах боломжтой. Хамгийн бага зардлаар дээрх ажлыг зохион байгуулсан. Эмнэлэг болон хяналтын байгууллагууд хүүхдийн эрүүл мэнд, хоолыг хариуцсан баг гаргаж ажиллана. 

Мөн хүүхдийг машин тэрэгнээс хол байлгах үүднээс аймгийнхаа төв замын тодорхой хэсгийг тэмцээн дуустал хааж байгаа. Хүүхдүүд явган алхаж очоод тэмцээндээ оролцох боломжоор хангаж байна гэсэн үг. Тэмцээний тоглолтуудыг Баянхонгор аймгийн хэвлэл мэдээллийн баг юнивишны хоёр, монгол сатын нэг сувгаар орон шууд дамжуулна" хэмээн ярив. 

"23 төрөл тус бүрийн нэгдүгээр байрт 600 мянган төгрөг, хоёрдугаар байрт 400 мянган төгрөг, гуравдугаар байрт 200 мянган төгрөгийн мөнгөн шагнал өгнө"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэмцээний шагналын сан болон бүртгэлийн талаар Биеийн тамир спортын улсын хорооны спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэнгээс тодруулахад "Хүүхдийн зуны спортын долдугаар наадамд 7,000 тамирчин 197 жин зайд 1,500 медалийн төлөө өрсөлдөнө. Одоогийн байдлаар 5,989 хүүхдүүд тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна. Тэмцээний бүртгэл цахимаар явагдаж байгаа бөгөөд Орхон аймаг хамгийн их буюу 300 хүүхэд оролцуулахаар бүртгүүлээд байна.

Хүүхдийн зуны спортын долдугаар их наадмын тухай Засгийн газрын 173 дугаар тогтоолоор нэгдүгээр байрт 600 мянган төгрөг, хоёрдугаар байрт 400 мянган төгрөг, гуравдугаар байрт 200 мянган төгрөг өгөхөөр тусгагдсан байгаа" хэмээн ярилаа.