Шувуу ажиллагааны явцын талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас өнөөдөр танилцууллаа.
Уг ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрахаар зарласан хүмүүсийн нэр дунд олны анхаарал татаж буй нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Шувуу ажиллагааны хүрээнд авчрахаар тодорхой ажлууд хийгдэж байгаа.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд болон албаны хүмүүстэй нэлээд хэдэн удаа уулзалт хийсэн. Өмнөх болон шинээр томилогдон ирсэн Элчин сайдтай уулзсан. Бид хүнээ авъя гэсэн нэг л хүсэлт тавьдаг. Тухайн улс орон манай иргэнийг гаргаж өгөх үйлдэл хийхгүй тохиолдолд бид ямарваа нэг байдлаар хүч хэрэглэж, албадан ирүүлэх эрх зүйн ямар ч боломжгүй.
Тэр дундаа АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиг үүргээр ажиллагаа явуулах хуулийн боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй талаарх үйлдлүүдийг шалгаж байгаа. Хаана байршиж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагуудад ирүүлсэн.
Н.Удаанжаргалтай холбоотой мэдээллийг мөн хэлье. Малайз улсад байгаа гэдэг мэдээлэл үндсэндээ батлагдсан гэж болно. Хууль сахиулах байгууллагууд руу бичгээ хүргүүлээд, ажиллаж байна.
Уг мэдээллийг энэ нөхөд маань ч бас сонсож байгаа. Гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Тиймээс хэргээ үнэн зөвөөр шийдүүлэх, өөрсдөө хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр шалгуулах нь хэн хэнийхээ ажлыг үрэхгүй байх сайн талтай.
Шувуу ажиллагаа манайд анх удаа хийгдэж байгаа. Өмнө нь гаднаас оргон зайлсан хүмүүсийг авчрахаар явж байсан төлөвлөгөөт ажил хийгдэж байгаагүй. Нэг удаа Францаас иргэн Дамдингийн Энхбатыг авчирсан үйлдэл нь хууль бус үйл ажиллагаа байсан нь хожим тогтоогдсон. Мөн АНУ-аас иргэн н.Батсүх гэж хүнийг авчирсан үйлдэл бий. Хууль бусаар авчирсан гэж тухайн үедээ асуудал болж байв.
Одоо бол бид эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлдэг орнуудтайгаа тэр улсад байгаа тохиолдолд гэрээнийхээ дагуу, байхгүй бол хамтран ажиллах хүрээндээ, интерпол, гадаад харилцааны шугамаар улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж байгаа" хэмээв.
Мөн тэрбээр Шувуу ажиллагааны хүрээнд авчирсан анхны хүн нь Т.Бадамжунай хэмээгээд хэрэг нь удахгүй шүүхэд шилжих байх гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!