Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Уг ажил өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Шинжааны өөртөө засах мужийн Таримын сав газарт эхэлснийг тус улсын төв мэдээллийн агентлаг Шиньхуа уламжилсан юм.

Өрөмдлөгийн төлөвлөсөн гүн 11,100 метр байх ба ингэснээр дэлхийн бөмбөрцгийн 10 гаруй давхаргыг нэвтлэн цэрдийн царцдасны давхаргад хүрэх гэнэ. Энэ нь 145 сая орчим жилийн өмнө бүрэлдсэн чулуулаг давхарга юм.

Нийт 457 өдөр үргэлжлэх энэ төслийг Шиньхуа агентлаг “Хятадын газрын гүнийг судлах ажилд гарсан түүхэн үйл явдал” гэж магтжээ.

Төслийг Хятадын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн China National Petroleum Corporation удирдах юм байна.

Дэлхийн гүний урьд өмнө мэдэгдээгүй хэсэгт нэвтрэх, хүний танин мэдэхүйн хил хязгаарыг тэлэх ач холбогдолтой төсөл болохыг тус компанийн мэргэжилтэн Ван Чуншэнь тайлбарлажээ.

Өрөмдлөгийн төхөөрөмж нь 2,000 гаруй тонн жинтэй, Цельсийн 200 хүртэл хэмийн халуун, 1,300 дахин өндөр агаарын даралтыг тэсвэрлэх чадалтай гэнэ.

Үүнээс гадна төслийг Хятадын хамгийн хуурай, халуун цөл Таримын сав газарт хэрэгжүүлж байгаа нь бас нэг том сорилт болохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Энэ нутаг нь байгалийн эрдэс баялгийн арвин нөөцтэй. Өнгөрсөн сард тус улсын хамгийн том газрын тос боловсруулагч Sinopec компани Таримын сав газрын 8,500 метрийн гүнээс газрын тос, байгалийн хийн томоохон орд илрүүлсэн юм.

Одоогоор Норвеги улстай хил залгаа ОХУ-ын баруун хойд нутаг, Колагийн хойгт оршдог 12,262 метр гүн цооног нь хүний гараар бий болгосон хамгийн гүнзгий нүх ажээ. Үүнийг Зөвлөлт Холбоот Улсын үед өрөмдөж байсан юм.

 

Эх сурвалж: The Guardian