Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан Монголын хог хаягдлыг дахин боловсруулах Үндэсний холбооноос “Хуванцар савны хаягдлыг шийдэх нь” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа.
Энэ үеэр "Монголын тогтвортой хөгжлийн гүүр" ТББ-ын тэргүүн Д.Өлзийбилэгийн тавьсан илтгэлээс онцлох зүйлсийг хүргэж байна.
Дэлхий дахинаа нэг минут тутам нэг сая хуванцар сав, таван тэрбум пластик уут үйлдвэрлэгдэж байгаагийн зэрэгцээ тэдгээрийн тэн хагас нь нэг удаагийн зориулалттай бүтээгдэхүүн байдаг байна. Түүнчлэн далайн хог хаягдлын 80 хувь нь хуванцар хаягдал болсон ба гурван загас тутмын нэг нь хуванцрын агууламжтай болжээ.
Дэлхийн хог хаягдлын тайланд нэг хүнд ногдох хуванцар хог хаягдал хамгийн ихээр үүсгэдэг улсуудын жагсаалтыг Микронези, Бермуд, Палау тэргүүлсэн бол манай улс есдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Манай улсын хог хаягдлын хэмжээ 2010 онд 840,000 тн байсан бол 2018 онд 3.3 сая тн болж өссөн байна. Төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж буй нийт хог хаягдлын 41.6 хувь буюу 1,393,753 тн нь Улаанбаатар хотод үүссэн бол үлдсэн 58.4 хувь буюу 1,959,795 тн хог хаягдал нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Хог хаягдлаас үүдэж дэлхийн хуурай газрын талыг бүрхэж байсан ой мод хурдацтайгаар устаж байгаа ба манай оронд сүүлийн таван жилд жил бүр 100-200 мянган га газрын ой устаж байгаа аж.
50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид:
38,125,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж
75,640,000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж
45,750,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж
38,125,000 орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлж байдаг байна.
Ингэхээр ганцхан мод 197,640,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой ажээ.
Эх сурвалж: "Модны үнэ цэнэ" Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль хамгаалах сан, 2011 он
Хог хаягдлын хэмжээгээ бууруулахын тулд бодит хэрэгцээгээ тодорхойлж, 5R алхмыг худалдан авалт, хэрэглээндээ нэвтрүүлэх нь иргэн болон өрхийн хэмжээнд хог хаягдлын хэмжээг бууруулж, нөөцийг хэмнэх маш чухал үйлдэл аж.
5R зарчим:
1. REFUSE- Татгалзах. Хог болох зүйлсээс татгалзах, сэтгэл хөдлөл дээр тулгуурлан худалдан авалт хийхгүй байх.
2. REDUCE- Багасгах. Байгалийн нөөцийг хэмнэхийн тулд багасгаж болох бүх зүйлийг хэмнэх. Хэрэглээгээ бууруулах
3. REUSE- Дахин ашиглах. Сонголтоо зөв хийж чанартай барааг дахин ашиглан олон удаагийн хэрэглээг бий болгох.
4. RECYCLE- Дахин боловсруулах. Хогоо ангилж хаян дахин боловсруулах үйлдвэрт тушаан, дахивар нөөц болгох
5. ROT- Бордоо хийх. Хогоо ялзруулж задлан, бордоо хийх. Гэрийн аргаар бордоо хийж хүнсний ялзмаг хог хаягдлыг задлах.
Нэг удаагийн савлагаанаас татгалз.
Хогоо ангилахдаа дараах чухал зааврыг мөрдөөрэй.
Манай улсад хуванцар дахин боловсруулалтын үйлдвэр 21, хаягдал тос дахин боловсруулалтын үйлдвэр гурав, хаягдал цаас боловсруулалтын үйлдвэр нэг, хаягдал хөнгөн цагаан боловсруулалтын үйлдвэр нэг, хаягдал зай хураагуур боловсруулалтын үйлдвэр нэг байдаг байна. Харин хоолны хаягдлын үйлдвэр болон авто боловсруулалтын үйлдвэр удахгүй ашиглалтад орох аж.
Дээрх үйлдвэрүүд хаягдлыг дахин боловсруулж хогийн сав, хүүхдийн тоглоом, сандал, ширээ зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргадаг байна.
Монгол улсад хог хаягдлыг дахин боловсруулан хийж буй бүтээгдэхүүнүүд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!