Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Польшийн иргэд улс орноо Унгар, Туркийн араас оруулахгүйн төлөө жагсав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Польш улсын нийслэл Варшав хотод Ням гарагт хэдэн зуун мянган хүн оролцсон засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулагджээ.

Эрх баригчид ардчиллын хэм хэмжээг алдагдуулж, улс орноо Унгар, Турк мэт улсуудын араас автократ дэглэмд алгуур шилжүүлэхээс болгоомжилж байгаагаа иргэд ийнхүү илэрхийлсэн байна.

Сөрөг хүчний намын төлөөлөл болох Варшав хотын захирагч Рафал Тшасковский жагсаалыг зохион байгуулжээ. Зохион байгуулагчид уг жагсаалд 500,000 орчим хүн оролцсон гэж мэдээлсэн байна. Харин Onet мэдээллийн сайтын тооцоолсноор хамгийн багадаа 300,000 гаруй хүн жагсаалд оролцжээ.

Варшаваас гадна Краков зэрэг бусад хотуудад жагсаал зохион байгуулагдсан байна.

Жагсаалд Польшид коммунист дэглэмийг унагахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн “Эв нэгдэл” хөдөлгөөнийг санаачлагч, ерөнхийлөгч асан Лех Валенса, ерөнхий сайд асан Дональд Туск зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс сөрөг хүчний Иргэний Платформ намын удирдлагуудтай хамт оролцжээ.

зураг
 
Зүүн гар талаас Варшав хотын захирагч Рафал Тшасковский, Иргэний Платформ намын дарга Дональд Туск

Жагсагчид “Үндсэн Хууль!”, “Ардчилал!” зэрэг уриа үгсийг нийтээрээ хашхирч байв.

Тэд ирэх намар болох парламентын сонгуулийг Польшийн ардчиллыг аврах сүүлчийн боломж байж болзошгүйг анхааруулж байна.

2015 оноос хойш эрх барьж буй Хууль, Шударга ёсны нам популист бодлого, үйл ажиллагаагаараа сонгогчдын дэмжлэгийг авч байгаа. Гэхдээ одоогийн эрх баригчид Польш улсад коммунист дэглэм нуран унасан 1989 оноос хойших олон ололт амжилтаас ухарч байгааг сөрөг хүчний намууд шүүмжилдэг юм.

Мөн хуулийн засаглалын хараат бус байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж, алхам алхмаар нөлөөгөө тогтоох болсон байна.

Энэ бүхний эцэст Польш улс Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарч болзошгүйд сөрөг хүчнийхэн болгоомжилж байгаа юм.

Европын Комиссын ерөнхийлөгч асан Дональд Туск “хулгай, луйвар, инфляцын эсрэг, чөлөөт сонгууль, ардчилал, Европын Польшийн төлөө” жагсахыг долоо хоногийн өмнөөс иргэдэд уриалж байв.

Түүний тэргүүлдэг Иргэний Платформ нам санал асуулгаар эрх баригч намын дараа эрэмбэлэгдэж байгаа юм.

Польшид инфляц хоёр оронтой тоонд хүрээд байгаа нь нэг талаас Украины дайн, цар тахалтай холбоотой гэгддэг. Гэхдээ нөгөө талаас эрх баригчдын нийгмийн халамжийн популист бодлого үүнд гол нөлөө үзүүлж байгаа гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.

Польшийн ээлжит парламентын сонгууль энэ оны аравдугаар сард зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: Associated Press