Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Кремлийн эсрэг хүчнийхэн Оросын армийн цэргүүдийг олзолсноо мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Украинтай хил залгаа Белгород мужид тулалдаж буй Кремлийн эсрэг хүчний дайчид Оросын армийн хоёр алба хаагчийг олзолсноо Ням гарагт мэдээлжээ.

Тэд олзолсон цэргүүдээ Белгород мужийн захирагч Вячеслав Гладковтой уулзаж, хэлэлцээ хийснийхээ дараа шилжүүлж өгөх санал тавьсан тухай Телеграм хуудсандаа мэдээлсэн юм.

Харин Гладков өөрийн сошиал хуудсаар хариу мэдэгдэхдээ хэрвээ олзны цэргүүд амьд байгаа бол уулзахад бэлэн гэсэн байна. Гэхдээ тэр цэргүүдийг амьд гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Үүний дараа Оросын Сайн Дурын Корпус бүлэг дахин видео мэдэгдэл Телеграм хуудсандаа нийтэлсэн байна. Ингэхдээ тэд илүү олон олзны цэрэгтэй болсноо харуулж, Гладков хэлсэндээ хүрч, болзсон газраа уулзахаар ирээгүйг мэдээлжээ.

“Цэргийн болон иргэний аль ч удирдлага олзны хүмүүсээ буцааж авахыг сонирхохгүй байна” гэж тэд хэлээд олзны цэргүүдийг Украины талд шилжүүлэх болсноо мэдэгдсэн байна. Тэд бас энэ үеэр Оросын удирдлагуудыг “ялзарсан, хулчгар” гэх мэтээр шүүмжилжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Украины талаас довтолсон зэвсэгт бүлэглэлүүдийг ухрааж, хилээр буцааж гаргаснаа мэдээлсээр байгаа.

Гэхдээ Белгород мужийн хил орчмын хот тосгодод ширүүн тулаан үргэлжилж байгаа тухай мэдээ ирж байна.

Путиний дэглэмийг унагах зорилготой гэж зорилгоо тодорхойлсон хоёр зэвсэгт бүлэг одоо Белгород мужид Оросын армийн эсрэг тулалдаж байгаа юм.

Тэдний нэг нь Оросын Сайн Дурын Корпус нөгөө нь Чөлөөт Оросын Легион гэж өөрсдийгөө нэрлэж байна.

Киевийн эрх баригчид эдгээр зэвсэгт бүлгүүдтэй холбоогүйгээ мэдэгдэж байгаа. Гэхдээ эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн улс орны нутаг дэвсгэрт ийм тэмцэл хөдөлгөөн гарах нь гарцаагүй үзэгдэл гэж тэд тайлбарласан юм.

 

Эх сурвалж: BBC