Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батболд: Автомашингүй өдөр 251 байршилд цагдаагийн 405 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн тэмцээнийг Бямба гарагт зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан албаныхан мэдээлэл өглөө. 

Энэ үеэр Нийслэлийн замын хөдөлгөөн, хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Б.Батболд "Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг олон улсын марафонд 30 орны 20,000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. 

Тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, автомашингүй өдрийг зохион байгуулах ажлын хүрээнд баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэл 06:00-18:00 цагийн хооронд автомашин явуулахгүй. Мөн 13 гудамж, замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах юм. Үүнд:

  1. Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  2. Сөүлийн гудамж
  3. Партизаны гудамж
  4. Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  5. Төмөрчний гудамж
  6. Гэсэр сүмийн уулзвар
  7. Самбуугийн гудамж
  8. Анкарагийн гудамж
  9. Бага тойруу
  10. Бээжингийн гудамж
  11. Токиогийн гудамж
  12. Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
  13. Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаана. 

Автомашингүй өдөр цахилгаан дугуй, унадаг дугуйтай иргэд явган зорчигчдын хөдөлгөөнд эрсдэл үзүүлж болзошгүй байдаг. Иймд бага хурдаар хөдөлгөөнд оролцох нь зүйтэй. 

Маргааш Тээврийн цагдаагийн албанаас 251 байршилд 405 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Ингэхдээ, бусад гудамж замд үүсэх түгжрэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана" хэмээн ярив.