Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тэлэнгэд: Бид ирээдүйгээ Монгол Улсын хөгжилтэй холбон харж байна

ikon.mn
2023 оны 6 сарын 5
Сурталчилгаа

Монложистикс Группийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, Монложистикс Транзит компанийн гүйцэтгэх захирал Б.Тэлэнгэдтэй ярилцлаа.

зураг
 

- Та Монложистикс группийг “бүтээлцсэн”, байгууллагынхаа үүсэл хөгжлийг хамгийн сайн мэдэх хүний нэг. Хоёулаа ярилцлагаа “Монложистикс Ворлдвайд” ХХК түүхэн замналын талаар эхлэх үү.

- Бид компаниа “Монложистикс Ворлдвайд” нэртэйгээр 2005 оны арваннэгдүгээр сард байгуулж байв. 2006 он гараад дахин гурван хүнээр эгнээгээ нэмж, ам бүл зургуулаа боллоо. Оны сүүлч гэхэд хүний нөөц маань долоо, наймуулаа болсон. Олон улсын тээвэр ложистикийн зах зээлд тээвэр зуучийн чиглэлээр анхдагч болж ажиллахад амаргүй байлаа. Гэхдээ бид гурван л зүйлийг гол зарчмаа болгосон. Тууштай, шударга, ил тод байх тал дээр нэгдсэн. Энэ нь амжилтад хүрэх, зах зээлд танигдах гол түлхүүр болсон. Хажуугаар нь санхүү болон хүн нэг бүрийн сахилга батын асуудал их чухал байсан. Олон улсын туршлагад баримталдаг зарчим, эрхэм зүйл, стандартыг үйл ажиллагаандаа тусгахыг зорилгоо болгосон. Гурван найз нэгдэж, төмөр замын Варьетад ганц өрөө түрээсэлж, байгуулсан компани маань өдгөө групп болж, олон охин компаниа үүсгэж, “ам бүл” 180 болтлоо өнөр өтгөн, өргөжиж тэлжээ.

зураг
 
2014 он

- Хөгжлийнхөө зорилтыг хэрхэн тодорхойлсон бэ?

- Бид аль болох шинэлэг зүйлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг зорилгоо болгож ирсэн ба зах зээлд үйлчилгээний чанараар өрсөлдөхийг зорьдог. Энэ үүднээсээ 2012 онд Монгол Улсын тээвэр ложистикийн салбарт анх удаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Тухайн үед зөвлөх компаниас маш эрчимтэй зөвлөгөө авч, олон улсад нэр хүнд бүхий Германы TUV Rheinland байгууллагаар баталгаажуулалт хийлгэсэн. Олон улсын байгууллагын төлөөлөл биечлэн ирж биднийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгч байв. Улмаар бүх дүрэм журам, норм гээд бүх бичиг баримтаа шинээр боловсруулж, цаашдын үйл ажиллагааны процесс, зураглалаа гаргаж авсан.

- Үйл ажиллагааны зураглалаа маш сайн тодорхойлжээ, тийм үү?

- Ер нь цаашдын хөгжлийн зорилтыг илүү нарийн тодорхойлох ёстой гэж үзсэн. 2016 онд өнгөрсөн 10 жилээ дүгнэж, ирээдүйн 10 жилийн зорилтоо тодорхойлж, Re branding хийж, логогоо ч шинэчилсэн. Үйл ажиллагаа маань ч өргөжсөн. 2006 онд 500-гаад нэгж тээвэр хийдэг байсан бол 2014, 2015 онд 2500-3000 нэгж тээвэр гүйцэтгэж эхэлсэн. Мөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн жилийн статистик үзүүлэлтээр импортын чингэлэг тээврээр эхний тавд эрэмбэлэгдэх болсон. 2017 оноос компанийн хувьд үсрэнгүй хөгжлийн замдаа орсон. Товчхондоо, бүх зүйл эрэмбэ цэгцтэй, нягт нямбай болсон. Хөгжлийн үндэс сууриа бид ингэж тавьсан.

- “Монложистикс холдинг” группийг байгуулах яг хэний санаачилга юм бэ?

- Л.Ганзоригт найз маань надад компани байгуулах санал тавсан. Би үнэнээ л хэлсэн. Тэр нь “Надад компани байгуулах сонирхол бий. Гэхдээ мөнгө алга” гэсэн. Найз минь надад итгэсэн, би Ерөнхий захирал болсон. Надад тээврийн чиглэлээр нэлээд хэдэн жил ажилласан туршлага л байсан. Туршлага дээрээ үндэслээд гадаад дотоодын түншлэл, харилцан итгэлцлийн зам мөрөө нээхийг хичээсэн. Мөн гурав дахь найз минь “Санхүүгийн хувьд боломж алга, харин өөрт байгаа туршлагаа хуваалцахад бэлэн” гэж хэлсэн. Энэ найз маань удалгүй, өөр ажилд томилогдож, хувьцаагаа буцааж өгсөн. Ингээд Л.Ганзоригт бид хоёр ярилцаад 2005, 2006 оноос буюу анхнаасаа компани байгуулахад хамт байсан залуустаа хувьцаагаа бэлэглэе, шударга, тууштай, ил тод байдлыг нь үнэлье гэж шийдсэн. Ингэж залуустаа боломж олгосон. Л.Ганзоригт маань анхнаасаа бидэнд зарчимч байх ганц л шаардлага тавьж ирсэн. Залуус маань өнөөдөр бүгд СЕО болсон. Дөнгөж сургуулиа төгсөөд л манайхыг сонгоод зориод ирж байсан залуус шүү дээ. Н.Эрдэнэбилэг, Л.Эрдэнэсоёл, А.Одгэрэл, Н.Алтанзул нар маань маш эрч хүчтэй, энерги сайтай бүгдийг өөрсдөө хийж ирсэн. Бид ч бичиг цаас бариад байгууллагууд руу гүйх үе байсан.

зураг
 

- Компанийн засаглалын нууцаа дэлгээч?

- Анхны барьж ирсэн зарчимч байдалдаа тулгуурлаж, компанийн засаглалаа бэхжүүлж ирсэн. Сүүлд ISO 9001:2008 стандартыг хэрэгжүүлж эхэлснээр компанийн засаглалын үндэс суурь тавигдсан юм. Зүгээр нэг зөвлөх компанид бүхнээ даатгалгүй, хамтраад компанийн бичиг баримт ямар байх ёстой юм гэдгийг нэг бүрчлэн судалж, өөрсдөө яс сууж гаргаж байсан. ISO баг байгуулж, долоо хоногийн гурван өдөр өглөө бүр 07.00 цагт цуглаж дүрмээ боловсруулаад 09.00 цагт үндсэн ажлаа эхэлнэ. Ганзо бид хоёр багаа ээлжилж удирдаад журмаа бичдэг байсан даа. Ингэж нэлээд их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулж, том ажлын ард гарсан.

- Засаглалаа хэрхэн хийснээ жаахан дэлгэрүүлж хэлж болох уу?

- Дэлхийн банкны олон улсын санхүүгийн корпорацын зөвлөх үйлчилгээний эрхтэй “Баянзүрх консалтинг” компанитай албан ёсоор гэрээ хийж, засаглалын төсөл хэрэгжүүлсэн. Үүний үндсэн дээр ТУЗ байгуулж, залуустайгаа хамтраад засаглалаа шинэчлээд хөгжүүлээд, тэднээ сургаад, суралцаад явж байна.

- Дотооддоо үйл ажиллагаа жигдэрчихлээ, олон улсын зах зээлд гарчихлаа. Өнөөдөр танай группт хэчнээн компани хамаарч үйл ажиллагаа явуулж байна вэ?

- “Монложистикс холдинг” групп өдгөө 9 охин компанитай үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь манай “Монложистикс Транзит” компани. 2019 оноос хойш хүний нөөцөө нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа чиглэл, чиглэлээр нь төрөлжүүлсэн. Нийт группийн хэмжээнд 180 гаруй хүн ажиллаж байна. Манай тээвэр ложистикийн салбар мэдлэгт суурилсан эдийн засгийн нэмүү өртгийг бий болгож буй салбар. Үүнийг бид зохион байгуулж, иргэддээ үйлчилдэг. Өдгөө хэрэглээний зах зээлийн 65 хувь нь импорт. Бидний гол зорилго бол энгийндээ тээврийг оновчтой зохион байгуулж, дээрх тоог багасгах юм.

зураг
 

- Та бүхэн “Монложистикс холдинг” группийн ирээдүйг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

- Бид ирээдүйгээ Монгол Улсын хөгжилтэй холбон харж байгаа. 1990-ээд оны эхээр улсын эдийн засаг сайнгүй байлаа. 2000 оноос хойших үеийг тээврийнх нь хувьд харахад тухайн үеийн экспорт, импорт, транзит тээврийн хэмжээ нэмэгдэж 62 сая тонн болсон. 2000 оны үед 13 сая тонн орчим байсан юм. Үүний 10-аад сая нь төмөр замаар, хоёр орчим нь автомашинаар явдаг байлаа. Сая гаруй нь нисэхээр орж ирдэг байв. Одоо авто зам харьцангуй хөгжсөн. 2000 оноос хойш аймгуудын хооронд холболт шулуун замын холболт хийгдсэн. Гэхдээ Хилийн гарц, боомтын хөгжил хэвдээ байсан. Төмөр зам тааруу хэвээр. Гэтэл ачааны хэмжээ нэмэгдсэн.

Үүнийг Засгийн газар “Ковид-19” цар тахлын үед олж харлаа. Тээвэр ложистик ямар чухлыг мэдэрсэн. Шинэ сэргэлт болон боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд том том хөрөнгө оруулалтуудыг хийхээр төр ярьж байна. Тэгэхээр тээвэр ложистикийн салбар хөгжих нь дамжихгүй. Хөгжье гэж бодоод бодоод дэд бүтэц муу болохоор боломж нь хязгаарлагдмал. Тиймээс бид улсын бодлогод үндэслээд салбараа хөгжүүлэхэд чадахаараа хувь нэмрээ оруулна. Манай салбарт асар их ирээдүй бий. Бусад орны туршлагаас харахад дэд бүтэц яаж өснө, эдийн засаг, ДНБ нэмэгддэг.

Барууныхан 17, 18 дугаар зууны үеэс аж үйлдвэрийн зуунд манайхаар бол “Зам дагаж хөгжил гэдэг шиг” төмөр замаа барьж л хөгжсөн. АНУ ч 1800 оны сүүлээр төмөр замын бүтээн байгуулалт хийж, ДНБ-ээ 300 хувиар өсгөж, хөгжсөн. Манайд энэ хөгжил ирнэ. Төр засаг төмөр зам, боомтын хөгжилдөө анхаарч байна. Манай компани үүнийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн.  Энэ ч үүднээс IPO гаргах бэлтгэл ажлаа эхэлсэн. Хөрөнгөө оруулалтаа дэд бүтцэд зориулах болно. Энэ нь компанийн засаглалын хөгжлийн нэг үе шат байх юм. Товчхондоо, бид дэлхийн том компаниуд шиг бизнесийн ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай 200-300 жилийн түүхээ бүтээхээр замнаж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.