Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч бие махбодын онцгой хүнд сорилтыг давж чадсанаа зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн технологийн салбарын хамгийн залуу тэрбумтнуудын нэг Марк Закербэрг бие махбодын онцгой эрчимтэй сорилтыг давж чадсанаа саяхан зарлажээ.

Тэрбээр “Murph challenge” гэгддэг хүнд дасгалыг 39 минут 58 секундэд дуусгаж чадсан байна. Афганистанд амь үрэгдсэн АНУ-ын тэнгисийн хүчний алба хаагчийн нэрээр нэрлэгдсэн энэ дасгал нь нэг миль (1.6 км) зайд гүйсний дараа 200 удаа турникт суниах, 200 удаа гар дээр суниах, 300 удаа биеийн жингээрээ босож суух, 9 кг жинтэй хантаазтай дахин нэг миль гүйх гэсэн дараалалтай байдаг.

Маркийн гаргасан амжилт нь энэ сорилтыг гүйцэтгэсэн хүмүүсийн эхний 1 хувьд багтах өндөр үзүүлэлт гэж зарим хүн бичсэн байна.

Сүүлийн үед 39 настай Марк биеэ хөгжүүлэхэд маш их анхаардаг болсон.

Тэрбээр саяхан жиү жицүгийн анхны тэмцээндээ оролцоод алт, мөнгөн медаль хүртэж байв.

Ер нь Америкийн технологийн салбарын тэрбумтнууд бие махбодоо эрүүлжүүлж, чийрэгжүүлэхэд их анхаарал тавих болсон.

Тэдний компьютерын ард удаан бөгтийж суудаг, эв хавгүй биеэ авч явдаг гэх уламжлалт ойлголт өөрчлөгдөж байна.

Закербэргээс өмнө Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф Безос мөн ийнхүү өөрчлөгдөж байв.

Хэдэн жилийн өмнө тэр онлайнаар ном зардаг жирийн халзан эрээс кино од Вин Дизельтэй андуурагдам нэгэн болж эрс өөрчлөгдсөн юм.

зураг
 

59 настай Безос кино од Том Круйзын дасгалжуулагчийг хөлсөлж, өдөр тутмын эрчимтэй дасгалаар хичээллэсэн гэх мэдээлэл бий.

Амьдралдаа хэзээ ч хоол хүнсний орц найрлагыг анзаарч хардаггүй байсан бол одоо нүүрс усны хэмжээг эрс бууруулсан хоолны дэглэм барьдаг болсноо тэр ярьж байжээ.

Цахиурын хөндийн бас нэг алдартан Брайан Жонсон хөгшрөлттэй хийх тэмцэлд жил бүр $2 саяыг зарцуулж байгаагаа саяхан ярьж байв.

Твиттерийн үүсгэн байгуулагч Жэк Дорси өдөрт ганцхан удаа хооллодог, өглөөний цайндаа зөвхөн давстай ус уудаг тухайгаа ярьж байжээ.

Гэхдээ технологийн салбарынхан бүгд ийм чиг хандлагыг дагахгүй байна.

Тухайлбал Илон Маск 2020 онд өгсөн нэг ярилцлагадаа “Үнэнийг хэлэхэд би болж өгвөл дасгал хөдөлгөөнөөс зайлсхийдэг” гээд хувийн дасгалжуулагчтай болсон ч ганц л удаа уулзаж байснаа ярьж байв.

Хоол хүнсний тал дээр тэр “Би дуртай зүйлээ идээд богино наслахыг илүүд үздэг” гэж хэлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian