Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Европын удирдагчид Оросын түрэмгийллийн эсрэг байр сууриа нэгтгэхээр Молдовт чууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдмэл байр сууриа харуулах зорилготой Европын орнуудын төр засгийн удирдагчдын чуулган өчигдөр Украины хөрш Молдов улсад зохион байгуулагдлаа.

“European Political Community” нэрийн дор зохион байгуулагдсан уг чуулган дайнд нэрвэгдсэн Украины хилээс 20 км зайтай оршдог дарсны эдлэнд зохион байгуулагдсан юм.

Чуулганд Европын 45 удирдагчаас гадна Украины ерөнхийлөгч Володимир Зеленский оролцсон байна.

Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Молдов нь Украины дараа Оросын эзлэн түрэмгийлэлд өртөх хамгийн өндөр магадлалтай улс болоод байгаа.

Тиймээс тус улсын удирдагчид Европын гэр бүлд нэгдэх бодлого баримталдаг.

Молдовын ерөнхийлөгч Майя Санду уг чуулганыг “Нэг гэр бүл болж, эв нэгдэл, хүч чадал, хамтын ажиллагаагаа нэгтгэх шийдэмгий байдлын тод илрэл” гэж тодорхойлсон юм.

Украин улсыг НАТО болон Европын Холбоонд элсүүлэх асуудал удаашрах нь Оросын эрх баригчдыг улам зоригжуулах нэг шалтгаан болохыг Володимир Зеленский энэ үеэр анхааруулжээ.

“Европын харуулж буй эргэлзээ бүр нь Оросын эзлэн түрэмгийлэлд боломж болж байгааг бид санах ёстой” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Киев болон Кишинёвын эрх баригчдын аль аль нь энэ онд багтаан Европын Холбоонд элсэх яриа хэлэлцээг эхлүүлэх хүсэлтэй байгаа.

зураг
 
Украин, Молдовын ерөнхийлөгч нар

Молдов улсын зүүн хязгаарын Транснистрийн бүс нутаг салан тусгаарлагчдын хяналтад байдаг ба тэнд Оросын цэрэг “энхийг сахиулах” нэрийн дор байрладаг юм.

Европын удирдагчдын чуулган тус бүс нутгийн хилээс 10 хүрэхгүй километрийн зайд болсон байна.

Европын Улс төрийн Нийгэмлэг хэмээх энэ бүлэгт Орос, Беларусь улсуудаас бусад Европын Холбооны гишүүн болон гишүүн бус бүх 47 улс багтдаг юм.

Энэ удаагийн чуулганд бяцхан хот улс Сан Марино болон саяхан ерөнхийлөгчийн сонгууль нь болсон Турк улсын удирдагчид оролцоогүй байна.

Чуулганы үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нар Армени улсын ерөнхий сайд Николь Пашинян, Азербайжан улсын ерөнхийлөгч Илхам Алиев нартай Уулын Карабахын зөрчлийн асуудлаар уулзах юм.

Европын өөр нэг халуун цэг болоод байгаа Серби, Косовогийн зөрчлийг энэ үеэр хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.

Европын удирдагчдыг чуулж байх зуур өчигдөр Украинд ширүүн тулаан үргэлжилж байсан юм.

Оросын батлан хамгаалах яам Украинтай хил залгаа бүс нутагт халдан довтолсон хүчийг буцаан гаргасан тухай мэдээлжээ.

Уг ажиллагаанд Украины армийн явган цэргийн хоёр нэгж, танкийн хүчээр дэмжүүлэн оролцсон гэж Москвагаас мэдээлсэн байна.

Өчигдөр бас Киев хот ээлжит агаарын цохилтод өртөх үеэр гурван хүн амь үрэгдсэний нэг нь хүүхэд байжээ.

 

Эх сурвалж: AFP