Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгчийг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан эмэгтэй ОХУ-ын иргэн болох хүсэлтээ илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Жо Байденыг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж байсан эмэгтэй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс иргэний харьяалал гуйжээ.

Тара Рид хэмээх энэ эмэгтэй 1993 онд тухайн үед сенатор байсан Байдены ажлын албанд богино хугацаагаар ажиллаж байсан гэдэг.

1993 оны наймдугаар сард Капитолын ордны хонгилд Байден 29 настай Ридийн биед халдсан тухай түүх 2020 оны эхээр хэвлэлд нийтлэгдэж байжээ.

Байден үүнийг нь эрс үгүйсгэж байсан юм. Тухайн үед уг хэргийн талаар цагдаад гомдол гаргаж байсан ч одоо баримт нь олдохгүй байгаа тухай Рид хэвлэлд ярьж байжээ.

Тэгвэл Тара Рид саяхан ОХУ-ын нийслэл Москва хотод ирсэн байна. Өөрийгөө геополитикийн шинжээч гэж танилцуулсан тэрбээр Мягмар гарагт Спутник сувагт ярилцлага өгөхдөө Оросын иргэн болох хүсэлтээ илэрхийлжээ.

“Би Москвад хөл тавимагцаа олон жил мэдрээгүй аюулгүй байдал, хүндлэлийг мэдэрсэн. Би бусад олон Америкчуудын адил Оросыг дайснаа гэж үздэггүй. Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс намайг Оросын иргэн болгож өгөөч гэж хүсмээр байна. Би сайн иргэн байхаа амлаж байна” гэж Рид ярьсан байна.

Гэхдээ тэр АНУ-ын иргэний харьяаллаа давхар хадгалах хүсэлтэйгээ энэ үеэр илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP