Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Довчинсүрэн: Дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд импортын хүнсний бүтээгдэхүүнүүдийн татварыг нэмэх асуудал яригдаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өндөг, тахианы мах, сүү зэрэг импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний татварыг 10 хувь болгож нэмнэ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарчээ.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэнгээс тодрууллаа. 

- Импортын гол нэрийн бүтээгдэхүүний татварыг нэмэхээр болсон уу? 

- Засгийн газрын "хүнсний хангамжийн аюулгүй байдалд тавих арга хэмжээний тухай" гэх 36 дугаар тогтоол, Ерөнхийлөгчийн хүнсний хувьсгалаар 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээгээр бүрэн хангаж, цаашдаа экспортлох зорилгын дор ажиллаж байна. Энэ хүрээнд дотоодын үйлдвэрлэгчдийгээ хамгаалж бусад импортын бүтээгдэхүүнүүдтэй яаж өрсөлдөх вэ гэсэн зорилтыг тавьсан. Тиймээс импортын бараа бүтээгдэхүүний таван хувийн татварыг үе шаттайгаар нэмэх талаар яригдаж байгаа. 

Үндэсний үйлдвэрлэгчид маань импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чаддаггүй. Учир нь импортын хүнсний бүтээгдэхүүн таван хувийн татвартай, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй ижил үнээр зарагддаг. 

Хэрэглэгчид маань импортын бүтээгдэхүүнийг түлхүү авдаг учраас дотоодын хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт муу байдаг. Тиймээс дээрх бодлогыг хэрэгжүүлж байгаа. 

- Ямар хүнсний бүтээгдэхүүнүүд дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадаж байгаа вэ? 

- Малын мах, төмс, гурил гэсэн бүтээгдэхүүнүүдэд импортын хамаарал байхгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа. Харин гурилан бүтээгдэхүүн сүү, сүүн бүтээгдэхүүн цөцгийн тос, өндөг, хүнсний ногоо гэх мэт зүйлс 33-67 хувийн импортын хамааралтай. Харин сүү, хүнсний давс, жимс жимсгэнэ, тахианы мах, ургамлын тос, элсэн чихэр, төрөл бүрийн будаа, загас гэх мэт бүтээгдэхүүн өндөр хувийн импортын хамааралтай байдаг. 

Хүн амын өнөөгийн бодит хэрэглээнээс бага байгаа бүтээгдэхүүний импортын хамаарлыг 36 дугаар тогтоолын хүрээнд бууруулах гэж байгаа. Жишээлбэл, өндөг, гахай, тахианы мах, ургамлын тос, хүлэмжийн ногоо, ил талбайн ногоог импортын хамааралгүй болгох зорилт тавьсан. 

Инфляцад нөлөөлөхгүйгээр дотоодын үйлдвэрлэлүүдээ хамгаалахын тулд импортын хүнсний бүтээгдэхүүний таван хувийн татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж 47 бүтээгдэхүүний судалгааг гаргаад Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд өгсөн. 

- Дотооддоо үйлдвэрлэж бараа бүтээгдэхүүний импортын татварыг хэдэн хувьд хүргэх вэ? 

- Дэлхийн худалдааны байгууллагад манай улсын хүлээсэн үүрэг байгаа. Энэ үүргийнхээ хүрээнд татварын дээд хэмжээнд хүргэх боломжтой. Манай яамны зүгээс зөвхөн судалгаа шинжилгээ, санал өгөх эрхтэй. Татварын хэмжээг нэмэх эсэхийг манай яам шийдэхгүй.