Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бадамцэцэг: Хүүхдээ Солонгост эмчлүүлж, тусламж, дэмжлэгт хамрагдъя гэхээр манай улсын визийн ангилал болдоггүй

П.Зоригт, IKON.MN
2023 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн эрхийн асуудлаар иргэн Б.Бадамцэцэг өнөөдөр "Монгол Ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулав. 

"Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш болно. Энэ өдрийг монголчууд хүүхдийн баяр гэж тэмдэглэх хандлагатай байх шиг. Гэтэл хүүхдийн эрхийн төлөө манай улс бодлогын түвшинд юу хийв, эрүүл мэндийн салбарт ямар ажил хийж гүйцэтгэсэн юм бэ. 

Монголчууд хорт хавдраар дэлхийд номер нэгт орж байна. Хүүхдийн өвчлөлөөр тэргүүлж байгаа" гэдгийг тэрбээр ярив. 

"Биднийг өвчин зовлонтой болоход даатгалын мөнгө яагаад олгодоггүй юм бэ"

Үргэлжлүүлэн "Хүүхдэд маань хоёрдогчоор тархины үхжилт явагдсан. Одоо Солонгос улсад эмчлүүлж байгаа. Би үр хүүхдийнхээ төлөө зүтгэх үүргээ биелүүлэх ёстой. Гэвч эрхээ эдэлж чадахгүй байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг төр өөрөө хариуцна гэж байгаа. Тэр чинь хаана байна вэ.

Бидний төлдөг эрүүл мэндийн даатгалын мөнгө, нийгмийн даатгалын мөнгө хаана байна вэ. Өөрийнхөө цалин хөлснөөс өгчхөөд яагаад өвчин зовлонтой болоход даатгалын мөнгө олгодоггүй юм бэ. Яг үнэндээ энэ даатгалын мөнгөөр тансаглачихсан байна. Янз бүрийн сангаар дамжуулаад авчихжээ. 

Зөвхөн бие махбодоор хүчирхийлүүлсэн, хүчиндүүлсэн явдлыг хүчирхийлэл гээд байгаа юм уу. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч "хүчирхийлж" байгаа.

Тэдэнд эмийн олдоц муу, асаргааны мөнгө 288 мянган төгрөг, ээжийн асаргаа 123 мянган төгрөг. Үүнийг нэмчихлээ гэж ярьж байна. Ердөө 37 мянган төгрөгөөр л нэмж байна.

Өнөөдөр 37 мянган төгрөгөөр Монгол Улсад ирээд хоёр өдрийн мах ч авч чадахгүй байна. Асуудалд шийдэл хайхгүйгээр жижиг жижиг зүйлсээр хаацайлж өнгөрөөдөг" гэлээ. 

Мөн "Солонгос улс руу явахад /С-3-3/ гээд эмчилгээний виз гардаг юм байна. Энэ визээр гараад очиход G1 ангилалтай болж хувирдаг. Үүнийг зургаан сараар сунгаад явдаг журамтай.

Түр оршин суух боломжтой энэ визийг авсан тохиолдолд Солонгост очоод ямар ч тусламжид хамрагдахгүй. Эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй юм билээ. Танай хүүхэд нялх байна. Бид нар тусламж дэмжлэгт оруулъя гэсэн боловч манай улсын визийн ангилал болдоггүй. 

Энэ асуудлаар ерөнхий сайд, эрүүл мэндийн дэд сайдад хэлсэн. Ажлын журмаар Солонгост ирэхэд нь G1 визийн тухай асуусан удаатай. Гэвч гаргалгаа одоог хүртэл алга. 

Монгол хүүхдийн өвчлөл дандаа хоёрдогч шалтгаантай. Шарлалт, төрөхийн явц, бүтэлттэй төрөх, төрсний дараа буруу оношилгоо хийх гэх мэтчилэн. Энэ бүх асуудлыг эрүүл мэндийн салбар цэгцэлмээр байна.

Эмнэлэг барья гэхээр харьяа яамны сайд нь "эмнэлэг хангалттай, тоног төхөөрөмжийн чанаргүй байдал" гэж хэлдэг. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн хэрэглээний тендерийн асуудал гарч байна. Хэдхэн том компани баяждаг. Харин ард иргэд бол хэн ч биш.

Эх нялхсын эмчилгээний бүх тоног төхөөрөмж нь хуучирсан байдаг. Барилга нь 1984 оных, агаарын солилцоогүй. Эрүүл мэндийн салбарт бодлого алга" хэмээн ярилаа.